America/Europe

Трампын 11 найз

Э.Мөнхзаяа 1,583 үзсэн0

      Дональд Трампыг улс төрийн эрх мэдэлгүй, тэс хөндлөн хүн учраас хүчирхэг захиргаа бүрдүүлэхэд нэлээд асуудалтай гэж ярьцгаадаг. Тэгэхээр ерөнхий нарийн бичгийн дарга нарын албан тушаал намын удирдлагуудтай хийх наймаалцал болох нь ойлгомжтой. Гэхдээ сонгогдсон Ерөнхийлөгчийн хийх кадруудын сонголт нь түүний өмнөх хүмүүсээс ч өндөр ач холбогдолтой юм. Тэр тусмаа Трампыг ялалтад хүргэсэн хүмүүсийг ажиглахад илүү сонирхолтой зүйл гарч ирнэ.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампад Сайд нарын танхимаа бүрдүүлэхэд боловсон хүчний хүндрэл үүсэх төлөвтэй байна. Тэрбээр өөрөө улс төрийн хувьд гадны хүн болохоор түүнд улс орноо удирдаж байсан туршлагатай намын нэр бүхий нөхдүүд бараг бүгдээрээ дэмжлэг үзүүлэхээс татгалзсан. Гэхдээ Цагаан ордонд байр суурь эзлэх багийнхан сонгогдсон Ерөнхийлөгчид бий.

15045740_995624153903342_1579386181_n

Майк Пенс

Трампыг Ерөнхийлөгч байх хугацаанд улс орны хоёр дахь хүнээр түүний ойр дотны хүн гэгдэх Майк Пенс ажиллана. Дэд Ерөнхийлөгч болох тэрбээр Трампыг бодвол улс төрийн багагүй туршлагатай нэгэн. Тэрбээр Индиана мужаас олон жилийн турш конгресст ажилласан бөгөөд 2013 оноос амбан захирагчийн албан тушаалыг хаших болсон. Тэрбээр хатуу консерватив үзэлтэй, “Цайны нам” барууны улс төрийн хөдөлгөөнийг дэмжигч, үр хөндөлтийг эсэргүүцэгч нэгэн. “FiveThirtyEight”-ийн улс төрийн чансаагаар Пенс сүүлийн 40 жилийн доторх хамгийн консерватив үзэлтэй дэд ерөнхийлөгч болох төлөвтэй байна.

15045680_995624173903340_571298105_n

Рудольф Жулиани

      Нью-Йорк хотын дарга асан Руди Жулиани гэмт хэрэгтэй амжилттай тэмцэгч нэгэн байсан бөгөөд 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны дараа мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй чанараа харуулж, уг ажиллагаанд өртөгсдөд тусалж байсан билээ. Тэрбээр Рональд Рейганы засаглалын үед прокурорын орлогчийн туслахаар ажилд орж, улс төрийн карьераа эхэлж байсан. 2008 онд Жулиани Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох гэсэн боловч кампанит ажил нь бүтэлгүйтсэн юм. “NBC News” теле сувгийн мэдээлснээр Жулиани Трампын засаг захиргаанд Ерөнхий прокурорын албан тушаалд дэвших магадлалтай байгаа гэнэ. Гэхдээ түүнийг энэ албан тушаалд очиход багагүй хэл ам саад болж мэднэ. Тухайлбал тэрбээр хотын даргаар ажиллаж байхдаа авлигад буруутгагдаж, 2016 оны аравдугаар сард түүнийг Холбооны мөрдөх товчоотой холбоотой, түүгээрээ дамжуулан Трампад нууц мэдээлэл дамжуулдаг зэргээр мэдээлж байжээ.

15046407_995624130570011_65481335_n

Стив Мнучин

      “Goldman Sachs” банкны топ менежер асан тэрбээр Сан хөмрөгийн тэргүүн болж магадгүй. Энэ талаар Дональд Трамп зургаадугаар сард л ярьж байсан билээ. Хэдийгээр Мнучин өмнө нь Хиллари Клинтоны санхүүгийн донорын тоонд багтаж явсан ч энэ онд Трампын багийнхантай нэгдэж, мөнгө цуглуулах болсон юм. Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр Мнучин энэ оны арваннэгдүгээр сар гэхэд Трампын сонгуулийн ажилд 500-600 сая ам.доллар цуглуулж чаджээ.

15045774_995624143903343_1865183859_n

Крис Кристи

       Нью-Йорктой залгаа Нью-Жерси мужийн амбан захирагч ч бас “Трампын команд”-ын гишүүн юм. Тэрбээр Бүгд найрамдах намын сунгаанд хүчээ үзсэн боловч бага рейтингтэй байсан тул зайгаа барьж, Трампыг идэвхитэй сурталчилж эхэлсэн. Кристи хууль зүйн боловсролтой нэгэн бөгөөд 2010 оноос Нью-Жерси мужийн амбан захирагчаар ажиллаж байна. Кристийн нэр муждаа хэцүүхэн асуудлуудтай холбогддог. Түүнийг амбан захирагчаар ажиллаж байх хугацаанд “ExxonMobil” нефтийн компани тус мужид 225 сая ам.доллар төлсөн нь хүрээлэн буй орчныг бохирдуулсны төлөө хуульчийн тогтоосон нийт торгуулийн гуравхан хувь нь юм. Кристи түүнчлэн муждаа ижил хүйсийн гэрлэлтийг хуульчлахыг эсэргүүцэж үг хэлсэн ч шүүхээс түүний тавьсан хоригийг цуцалсан. Трампыг дэмжих шийдвэр гаргасан нь ч Кристид хүндхэн туссан юм. Түүний нэр хүнд богино хугацаанд асар хурдтайгаар унаж, нөлөө бүхий зарим сонин түүнийг огцрохыг уриалж байлаа. Трамп өмнө нь Кристид АНУ-ын шилжилтийн засаг захиргааг удирдах санал тавьсан ч харин одоо тэрбээр шинэ засаг захиргаанд ямар өндөр албан тушаал авах нь тодорхойгүй байна.

15033556_995624140570010_1132120977_n

Дэслэгч генерал Майкл Флинн

      АНУ-ын цэргийн тагнуулын газрын удирдагч асан, дэслэгч генерал асан Флинн бол Дональд Трампыг дэмжигч цэргийн томоохон өндөр албан тушаалтнуудын нэг юм. Түүнийг Трампын дор буюу дэд ерөнхийлөгчөөр ажиллах магадлал өндөр хүн хэмээн таамаглаж байсан ч Трамп Пенс дээр тогтож, Флиннийг зөвлөхөө болгосон. Хэвлэлүүдэд мэдээлснээр Флинн Ойрх Дорнодын асуудлаас болж Пентагоны удирдлагуудтай зөрчилдсөн гэдэг. Генерал АНУ-ыг Башар Асадын холбоотон болж байж Сири дэх исламистуудын бүлэглэлтэй тэмцэх ёстой гэж үздэг байсан аж.

image8_700-1

Ньют Гингрич

      Нөлөө бүхий консерватор, 1990-ээд оны “Бүгд найрамдах хувьсгал”-ын архитекторуудын нэг. Энэ нь Бүгд найрамдах намыг сүүлийн 40 жилд анх удаа конгрессийн олонх болоход нөлөө үзүүлсэн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн үр дүнд тэрбээр төлөөлөгчдийн танхимын даргын суудалд суусан түүхтэй. Харин саяхны сунгаагаар тэрбээр Трампын өрсөлдөгч Пол Райанд ийм шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж өгсөн бөгөөд тэрбумтан эрийг намынхаа сунгаанд ялалт байгуулмагц түүний далбаан дор орсон. Түүнийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй ч гэж харж байлаа. Гингричийн нэр нөлөө, улс төрийн жин ийм өндөр байгаа учраас Трампын ирээдүйн засаг захиргаанд томоохон албан тушаалд томилогдохыг үгүйсгэхгүй.

14971990_995624150570009_121382028_n

Жефф Сешнс

      Алдартай консерватор, дэд ерөн­хийлөгч болох өндөр магадлалтай хүний тоонд багтаж байсан эрхэм, мужийн прокурор асан, өдгөө Алабама мужийн сенатор. Трамп сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ Сешнсийг Вашингтон даяар хүндэлдэг, маш ухаантай хүн хэмээн онцлон тэмдэглэж байлаа. Сенаторуудаас хамгийн түрүүнд ирээдүйн Ерөнхийлөгчийг дэмжиж, цагаачлалын бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар түүний зөвлөхөөр ажиллаж байв. Сешнсийн нэр Батлан хамгаалахын сайдад яригдаж байгаа юм. Учир нь Трампын хүрээлэл дотор зэвсэгт хүчинтэй холбоотой хамгийн нэр нөлөө бүхий хүн болох Майкл Флинн хуулийн дагуу энэхүү албан тушаалд сенатын дэмжлэггүйгээр томилогдох боломжгүй юм.

15049664_995624147236676_1567016232_n

Бен Карсон

      Намын сунгаанд Трамптай өрсөлдөж байсан, дараа нь түүнийг дэмжихээ илэрхийлсэн, мэдрэлийн нэрт мэс засалч, африк гаралтай америк эр юм. Түүний хувьд үр хөндөлтийг хамгийн ихээр хориглогчдын нэг бөгөөд цаг уурын өөрчлөлтөд хүний хүчин зүйлс бага хэмээн эрс шүүмжлдэг. Тэрбээр Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд болох өндөр магадлалтай.

15050070_995624160570008_1080421584_n

Келлиэнн Конуэй, Стивен Бэннон, Ринс Прибус

      Улс төрийн хоёр технологич, Бүгд найрамдах намын Үндэсний хорооны дарга нар Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулахад томоохон нөлөө үзүүлсэн хүмүүс. Тэгэхээр Ерөнхийлөгчийн анхаарлын гадуур үлдэхгүй л болов уу.

14997039_995624157236675_644057231_n

Стивен Сигал

      1990-ээд оны боевик од Стивен Сигал саяхан Оросын иргэншилтэй болсон. Түүнийг Трампын багийн гишүүн хэмээн нэрлэж болохгүй ч жүжигчин эр кампанит ажлын үеэр түүнийг идэвхитэй дэмжсэн билээ. Тэд хоорондоо танилууд бөгөөд хууль бус цагаачлалтай хатуу тэмцэгч, Трампын сонгуулийн итгэмжит төлөөлөгч Жо Апайотой найзууд. Тэгэхээр Орос паспорттой, шинэ Ерөнхийлөгчтэй танил Сигал түүний Орос дахь дипломат хүн болохыг үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл үлдээх