Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 49 хувь Хятадын Шинхуад шилжих үү?

О.Наранхүү 1,756 үзсэн0

Засгийн газрын зүгээс “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Тэгвэл тэрхүү хөтөлбөрийн төсөлд  “…Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах,  Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих зэрэг бодит салбарын өсөлтийг дэмжихэд чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэх арга хэмжээ” хэрэгжүүлэхээр тусгажээ.

Ерөнхий сайд ойрын өдрүүдэд Тавантолгой, Оюутолгой, Цагаан суваргын орд газрууд, Гашуунсухайтын боомтыг эргээд ирсэн. Өмнийн говийг зорьсон түүний томилолтыг Засгийн газар орд газруудаа эрчимтэй хөдөлгөж эхлэхийн дохио гэж үзэх хүмүүс ч байна. Сүүлийн дөрвөн жилд Монголын хамгийн том баялгийн үүцүүд дээр алдсан санаачилгаа эрх баригчид яарангуй эргэн авч эхэллээ гэж тайлбарлах нь ч бий. Аль ч талаас нь харсан УИХ-аар батлах гэж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөнд дурдсан стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эргэлтэд оруулахын тулд Монголын хөгжлийн түлхүүр, бас зарим талдаа гацаа ч болж хувирдаг төмөр замын бодлого дээрээ төр яаравчлан анхаарлаа хандуулах ёстой. Тэр ч ёсоор Засгийн газар, эрх баригчдын зүгээс анхаарал тавьж, чингэхдээ Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 49 хувийг БНХАУ-ын “Шинхуа” компанид эзэмшүүлэх нь гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнийг Зам тээврийн хөгжлийн сайд ч үгүйсгээгүй юм.

Шинхуа корпораци төмөр замын 49 хувьд эзэн сууна

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудалд тодорхой шийдэлд хүрээгүй байна. Шинхуа компани төмөр зам болон уурхай дээр оролцоно гэдэг байр сууриа илэрхийлсэн байдаг. Манай Засгийн газар байгуулагдаад Тавантолгойн төмөр зам болоод уул, уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хэлэлцээрийг хийж байгаа. Энэ хүрээнд Хятадын Элчин сайдтай хоёр удаа уулзсан. Уул уурхайн сайд Хятад улсад ажлын айлчлал хийж, төсөл хөтөлбөрөө ярьсан. Хятадын байр суурь бол хэвээр байгаа юм билээ. Тэгэхээр Шинхуа компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцоно. Монголын төмөр зам компани ч оролцоно. Төмөр замын эзэмшлийн тухайд бид эрсдлээ тооцоод 49 хувьд Хятадын тал хөрөнгө оруулж, Монголын төмөр зам компанитай хамтраад барих байр суурьтай байгаа нь үнэн” гэсэн юм.

УИХ-ын дарга, эрх баригч намын дарга М.Энхболд багагүй маргаан, шүүмжлэл дагуулсан айлчлалыг БНХАУ-д хийгээд байгаа. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан айлчлалын зорилгыг далдалж хэвлэлд ярьсан боловч хамгийн гол нь мөнгө төгрөг гуйж очсон гэдгээ айлчлалын эзэн өөрөө нуугаагүй. Урд хөршөөс авах их хэмжээний дүн бүхий хөгжлийн зээлийн асуудал яригдаж эхэлсэн боловч юугаа барьцаалж, ямар нөхцөлтэйгөөр энэ зээл Монголд ирэх вэ гэдэг нь олон нийтийн хувьд таавар хэвээрээ байгаа.

Үлдсэн 51 хувийн зардлаа бас л урд хөршөөс зээлэх үү?

Харин олон таавар дундаас нэг таамаглал эрхгүй анхаарал татаж байгаа юм. Энэ нь Тавантолгойгоо хөдөлгөхийн тулд Хятадын төрийн өмчит Шинхуа корпорацитай хамтран барих төмөр замын асуудал. Их хэмжээний зээл авахын тулд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 49 хувийг Хятадад өгч байгаа нь энэ үү гэх асуулт эндээс гарна. Зам тээврийн сайд нь энэ асуудлаар хоёр ч удаа Хятадын элчин сайдтай уулзсан, асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа гэдгээ зарлачихсан. Ингээд ч зогссонгүй араас нь Монголын талын эзэмшилд үлдэх 51 хувийг барьцаалж Хятадаас зээл авна гэсэн мэдээлэл ч тараад байна. Хэрэв энэ таамаглал, мэдээлэл үнэн бол Тавантолгойн төмөр замын 49 хувь нь Хятад эзний өмч, нөгөө 51 хувь нь мөн л Хятад эзний зээлийн барьцаанд орно гэсэн үг.  Шуудхан хэлбэл Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гарц болсон төмөр зам 100 хувь Хятадын мэдэлд шилжинэ гэсэн үг.

slider_ganbat2

Яг энэ асуултыг сэтгүүлч Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас асуусан байдаг. Тэрээр “Тавантолгойн төмөр замын 51 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардлыг босгохдоо аль нэг улсаас хөнгөлөлттэй зээл авах юм уу, хөгжлийн зээл босгох шаардлагатай. Энэ төсөл хөтөлбөрийг өнгөрсөн оноос ярьсан ч удаашралтай байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотой. Хоёрдугаарт, “Шинхуа” компанийн дотоод нөхцөл байдал таагүй байсан. Үүнээс шалтгаалж удааширсан юм” гэсэн хариулт өгчээ. Тэгэхээр салбарын сайдын ярианаас харахад Монголын тал төмөр замынхаа 51 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардлыг босгохдоо зээл авахаас өөр аргагүй гэж байна. Одоогийн байдлаар эрх баригчид хэнийг хамгийн түрүүнд онилж, хаашаа айлчлал хийгээд байгаа билээ.

Стратегийн ач холбогдолтой төмөр замыг хятадууд хяналтдаа оруулах уу?

shenhua_550x300Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон ба ганц Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж ойлгож болохгүй. Оюутолгойн (одоогоор жилд 1 сая тонн баяжмал олборлож автомашинаар зөөвөрлөдөг) далд уурхай ашиглалтад орсон цагт жилд олборлохоор тооцсон 2 сая тонн баяжмалаа энэ төмөр замаар экспортод гаргах юм. Мөн Тавантолгойг тойроод оршдог Зүүн цанхи, Баруун цанхи, Бор толгой, жижиг Тавантолгой, Хүннү Кол гэх мэт ордуудын нүүрсийг энэ төмөр замаар тээвэрлэнэ. Тавантолгойн эргэн тойронд нефтийн илэрц, байгалийн хий гэх мэт ашигт малтмалын ордууд ч нээгдэж байгаа сураг бий.

Гэтэл Монгол Улсын хувьд ийм чухал стратегийн зам маань өнөөдөр эрх баригчдын нүдэнд эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын нэг болоод байгаа урд хөршийн их хэмжээний зээлийг олгох нөхцөл нь болж хувирсныг бид удахгүй ойлгох бололтой. Хар үгээр тодруулбал энэ төмөр замаа барихын тулд 49 хувийг нь Хятадын талд эзэмшүүлж мэднэ, мөн 51 хувийн хөрөнгө оруулалтын зардлаа Монгол улс гаргах боломжгүй тул бас л Хятадаас зээл авах аргаар асуудлыг шийднэ гэсэн үг. Эрсдэлтэй сонсогдож байгаа биз.

Өнгөрсөн дөрвөн жил ба биднийг хүлээж буй дөрвөн жил

Тавантолгойн ордын их баялгаа бид ашиглахын тулд 267-хон км төмөр зам дээр олон жил хэрэлдэж маргалдлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед барина гээд Энержи Ресурсээс гэрээгээ цуцалж сайд асан “Женко” Х.Баттулгын мэдэлд хувь заяаг нь атгуулсан. Хариуд нь маш их мөнгө элсэнд цацсан ус мэт уусан алга болж, олон хүнд хэрэг үүсгэгдэн шалгаж, эцэстээ өнөөх хулхи Самсунг компани ажил цааш үргэлжлүүлэх бололцоо, боломжгүй хэмээн гэрээгээ цуцлах санал Засгийн газарт тавьснаар өнгөрсөн дөрвөн жилд 267 км төмөр замын эргэн тойронд үүссэн асуудлууд замхран алга болох шатандаа орж байна. Х.Баттулга ба түүний нөхөд, солонгос түншүүдийнх нь “буянаар” Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам МАН-ын боссуудын гарт түүхийгээрээ шилжиж ирлээ. Уг нь хэдийнэ бариад дуусгачихсан бол 10 жилийн дотор зардлаа бүрэн хэмжээнд нөхөх бололцоотой гэгдэж байсан шүү дээ.

Тэгвэл энэ дөрвөн жилдээ эрх баригчид Энержи Ресурсээ ч төмөр замд буцаан татаж, хятадуудтай түншлэх бололтой.

Сэтгэгдэл үлдээх