Asia/Africa

Солонгосын ерөнхийлөгч шашны номлогч, мэргэч төлөгч, эрэгтэй биеэ үнэлэгчдээр бодлогоо заалгаж иржээ

Ш.Самбуу 25,427 үзсэн19

256d8f4507349d4989f7a142112b9a15БНСУ-ын Ерөнхийлөгчид улс төрийн бодлогоо сонгоход нь мэргэ төлөгчид, шашны бүлэглэлийн номлогч цаашлаад жиголо гэгдэх хөлсний эр тусалж байв. Ерөнхийлөгч Пак Кын Хед импичмент зарлах эрсдэл бүхий дуулиан Өмнөд Солонгост газар авч эхлээд буй.  Тус орны түүхэнд ч ийм дуулиан байсангүй. Зальтнууд ба овжин этгээдүүд Сөүлийн улс төрийн чиг хандлагад нөлөөлөхөд тусалсан гэж Пак Кын Хег буруутгаж байгаа юм. Тогтоогдож байгаагаар Ерөнхийлөгчийн ойрын хүрээнд мэргэ төлөгчид, шашны бүлэглэлийн номлогч бүр цаашлаад жиголо хүртэл орж байгаа аж. Жиголо (англ. gigolo) гэдэг үг нь биеэ үнэлэх үйлчилгээг үзүүлдэг эрийг хэлдэг. Францад 1850 оноос эхлээд хөнгөмсөг эмэгтэйн нууц амрагийг (gigolette) ингэж нэрлэж иржээ.

Төрийн тэргүүнтэй холбоотой том дуулианд Өмнөд Солонгос их өртөмтгий улс ажээ. Өмнөдийн нэг Ерөнхийлөгч алагдаж, нөгөө нь засгаас зайлуулагдан хөөгдмөл амьдралд насаа элээсэн юм. Хоёр Ерөнхийлөгч авлигын хэрэгт холбогдон шүүхийн хаалга татсан бол өөр нэг Ерөнхийлөгч нь прокурорын хаалга татах нь тодорхой болоод ирмэгц амиа егүүтгэсэн юм. Ийм замаар ороогүй цөөн хэдэн Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүд нь авлигын хэргээр шүүхэд дуудагджээ. Харин өнөөгийн дуулиан өмнө нь гарч байгаагүйгээрээ онцлогтой. Баруун, зүүний ихээхэн хэлбэлзэлтэй Өмнөд Солонгосын улс төрд ховор үзэгдэл болж эрх баригч хүчин ба сөрөг хүчнийхэн энэ удаа нэгдмэл байгаа. Авлигаас болон амиа хорлосон Но Му Хёны нэр хүндийн уналтаас ч илүүгээр Пак Кын Хегийн рейтинг унаж байна.

Бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд Но Му Хёны чансаа таван хувь болсон байв. Одоо Пак Кын Хегийн чансаа 14 хувьтай бөгөөд үргэлжлэн унасаар байгаа юм. Харин энэ удаа авлигын талаар яригдаагүй, яг тодруулбал авлигаас гадна бас бус зүйлийн талаар яригдаж байна.

Засаг барьсан бүхий л хугацаандаа Ерөнхийлөгч Пак Кын Хе булингартсан намтартай, улс төрийн туршлага, боловсролгүй дотны найз нарынхаа нөлөөнд байсан нь тодорхой боллоо. Эдгээр хүмүүс Пак Кын Хед зүгээр нэг зөвлөөгүй, олон тохиолдолд чухал улс төрийн шийдвэр гаргахыг шахан тулгаж, Засгийн газрын нууц баримтуудад чөлөөтэй нэвтэрдэг байж. Хэвлэл мэдээлэл үүнтэй холбоотойгоор Оросын түүхийн нэг баатрыг шууд саналаа. Өмнөдийн хэвлэлүүд гарчигтаа Распутин гэсэн үгийг оруулах болсон нь харагдаж байна. Адилхан ч юм шиг. Өдгөө 60 настай Че Сун Силь 1970 оноос хойш Пак Кын Хетэй найзалж ирэв. Тэд хорь гаруй настай л байжээ. Сун Силийн эцэг Че Тхэ Мин буддын лам байгаад протестант шашны номлогч болов. Дараа нь өөрийн шашны урсгалыг үүсгэн байгуулсан нь Солонгосын христийнхэнд номлол талаасаа ч нэлээдгүй эргэлзээг төрүүлж байлаа. Че Тхэ Мин зургаан удаа гэрлэж, долоон удаа нэрээ сольсон, шашны тун ч эргэлзээтэй бизнес хийдэг нөхөр байсан бөгөөд Өмнөд Солонгосыг 1961-1979 онуудад захирч байсан генерал Пак Чон Хигийн охин Пак Кын Хегийн итгэлийг тэр авч чадсан байна.

south-korean-president-park-geun-hye-cries-during-live-telecast-where-she-announced-break-coast

Ихэнх солонгосчуудын хувьд дарангуйлагч гэхээсээ Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн хүн гэгддэг генерал аавынхаа нэр хүндээр Пак Кын Хе 2012 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Генерал Пак Чон Хигийн амь насанд 1974 онд амжилтгүйгээр халдах үеэр Пак Кын Хегийн эх амь үрэгджээ. Энэ нь ирээдүйн ерөнхийлөгчид сэтгэл санааны хүнд зовлон авчирсан бөгөөд түүнийг нь Че Тхэ Мин овжноор ашигласан аж. Төрийн тэргүүний хайртай охины итгэлийг авсан тэрээр Солонгосын томоохон бизнесменүүдээс мөнгө цуглуулж байсан юм. Генерал Пак Чон Хи ч түүнд нь ихээхэн дургүйцэж байсан гэдэг. Че Тхэ Минд нэг биш удаа гэсгээл ирэх гэж байсныг Пак Кын Хе оролцож эцгийнхээ уур хилэнгээс түүнийг аварсан байв.

Че Тхэ Миний тав дахь эхнэрийнх нь охин Че Сун Силь нь яг л эцгийгээ дууриажээ. Их сургуулиа төгсөөгүй тэр бизнест амжилттай зүтгэхийн зэрэгцээ бас л шашинтай зууралдсан нэгэн. Яг нарийн тогтоогдоогүй ч Че Сун Силь нь эцгийнхээ үндэслэсэн “Ёнсегё” шашны адепт-дагагч, магадгүй удирдагч нь бололтой. Шашны энэ бүлэглэл нь христийн ба Солонгосын бөөгийн шашны хольцыг номлодог. Ерөнхийлөгч Пак Кын Хе бүр залуугаасаа энэ бүлэглэлтэй нягт холбоотой бололтой. Үүгээр тэр Че Сун Сильд захирагдан түүний зөвөлгөөг сохроор сонсож ирснийг тайлбарлаж болно. Эхийг нь Хойд Солонгосын тагнуул буудаж, эцгийг нь өөрийнх нь Тагнуулын газрын дарга 1979 онд буудан хөнөөсний дараа Пак Кын Хе их ганцаардмал байдалтай явж иржээ. Нөхөрт гараагүй, хүмүүстэй хэл амаа тэр болгон олоод байдаггүй, найз нөхдийнх нь хүрээ бага. Эдгээр жилүүдэд түүнд Че Сун Силь л сэтгэл санааны ганц түшиг нь байлаа. Гэхдээ тэр нь гунигтай үр дагаварт хүргэлээ.

Ерөнхийлөгч засаг захиргааныхаа олон гишүүдийн санаа бодлыг тоодоггүй, сонсдоггүй гэсэн яриа эртнээс дуулдаж байв. Че Сун Силийн толгойлсон сангуудад хачин их хандив орж байгаа яриа тарсны дараа байдлыг хэвлэл мэдээлэл сонирхож эхэлсэн байна. Сонирхолтой нь Ерөнхийлөгчийн дэмжлэгт байдаг гэлцдэг барууны чиглэлтэй “Чосон ильбо” сонин сэтгүүлчдийн эрэн сурвалжлага ийм дуулианыг дэгдэхэд хүргэсэн юм. Хэрэг явдал буруу тийш эргэж буйг мэдэрсэн Че Сун Силь яаран Германд очжээ. Тэр үеэр, Че Сун Силийн нарийн бичгийн даргын гаргаж хаясан компьютерийг хэвлэлийнхэн олоод авсан байна. Харин түүний хатуу дискүүдыг цэвэрлээгүй байжээ. Дискийг уншуулсан нь гайхмаар үр дүнг өгч дуулиан маш өргөн хэмжээнд тарлаа. Компьютерт Пак Кын Хегийн найз хүүхэн эсвэл шашны багш гэж хэлж болох Сун Сильд танилцуулж, хянуулахаар өгсөн олон тооны нууц баримтууд байхын зэрэгцээ мөн хэн Ерөнхийлөгчийн хүрээнд орж байсан нь тодорхой болов.

c41eaf60-9b34-11e6-9654-6e2b0a6d20cd_1280x720

Тэдний дунд Ко Ён Тхэ гэдэг бас нэг хачин нөхөр байсан бөгөөд тэрхүү 40 настай гоонь эр 1998 онд туялзуур жадаар Азийн аварга болж байжээ. Спортын карьераа төгсгөөд “цэнгээний эр” болон баян авгай нарыг бааранд хөгжөөдөг үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Ийм эрчүүд нэмэлт хөлсөөр сексийн үйлчилгээг ч үзүүлдэг гэнэ. Че Сун Силь нөхрөөсөө салсны дараа хорин насаар дүү Ко Ён Тхэтай дотно харьцаатай болсон ба түүнтэй Ерөнхийлөгч засаг захиргааныхаа нууцыг хуваалцдаг байсан бололтой. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн компаниуд дунд дээрх хоёрыг танилцуулсан видео клипийн продюссер Чха Ын Тхэк гэдэг хүн байв. Хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгчийн энэ хүрээний мэргэ төлөгч, шашны номлогч, жиголо нар л Хойд Солонгостой хэрхэн харьцах бодлогыг тодорхойлж байсан гэхээр байгаа юм.

Пак Кын Хегийн захиргааны үеэр, БНАСАУ сүйрлийн ирмэгт ирсэн түүнийг нь хурдасгаж өгөх ёстой гэдэгт Сөүл итгэлтэй байгаа юм шигээр зүтгэж ирснийг мэргэжилтнүүд эртнээс тэмдэглэж байсан билээ. Тийм хандлага нь одоо эдийн засаг нь сайжирч байгаа Хойд Солонгосын байдал, залуу лидер нь хүмүүс дундаа нэлээдгүй алдартай байгаа зэрэгтэй дүйцэхгүй байна. Сөүлийн тийм байдлыг элдэв янзаар тайлбарлаж ирсэн бөгөөд нэн түрүүнд л Ким Чен Ун үхлийн өвчтэй гэсэн мэдээллийг өмнөдийн тагнуулынхан олсон мэтээр тайлбарлаж иржээ. Ерөнхийлөгч нэгэн удганыг урьж сонсоход хоёр жилийн дотор хоёр Солонгос нийлнэ гэж хэлсэн гэнэ. Харж байх нь ээ тэрхүү удган, мэргэ төлөгч нарын зөвлөснөөр эсвэл шууд зааснаар нь Ерөнхийлөгч эмэгтэй Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хааж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас бүрэн татгалзсан бололтой. Учир нь тэр Хойд Солонгостой нийлэхээс айдаг юм. Хэрэгт нөлөөлөхөд уламжлалт авлигын асуудал бас л байлаа. Че Сун Силийн хоёр сан том компаниудаас ихээхэн авлига авчээ. Бизнесийнхэн Че Сун Силь ба Ерөнхийлөгч хоёрын холбоог сайн мэддэг бөгөөд тэдний таалалд орохыг хичээж байв. Албан ёсоор бол спортыг хөгжүүлэх, Өмнөд Солонгосын олон нийтийн соёлыг гадаад орнуудад сурталчлах зэрэгт мөнгө хандивлаж байсан ч үнэн хэрэгтээ тэр мөнгөний ихэнх Че Сун Силь ба түүний найз нөхдийн халаасыг дүүргэжээ.

Чухам хэр хэмжээний мөнгө завшсан бэ гэдэг нь нэлээд хугацааны дараа тодорхой болох байх. Наад зах нь хэдэн сая доллар магадгүй илүү олон зуун сая ч байх магадлалтай аж. Харин энэ удаа авлигын хэргээс илүүтэйгээр зальтнууд улс төр хийж байсан нь тус орны иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлээд байна. Хэдэн арван мянган хүмүүс өнгөрсөн бямба гаригт Пак Кын Хег огцрохыг шаардан жагслаа. Хэдэн жижиг хэт зүүний намууд зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагааг бүх улс төрийн бүтэц тэдний тооны барууны нам дэмжсэн нь дөнгөж эхлэл нь байсан юм. Ерөнхийлөгч Пак Кын Хе байдал хяналтаас гарч байгааг хурдан ойлгоод Солонгост тогтсон уламжлалын дагуу мэдэгдэл хийн зарим зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Гэвч түүний гэмшил тус болсонгүй. Учир нь Ерөнхийлөгч зөрчлийнхөө нэгээхэн хэсгийг л хүлээн зөвшөөрсөн юм. Хэрэг явдал ойрын хоногуудад дахин шинэ хүчээр үргэлжлэх бололтой.

68da94f0f5cbe435e727e53d456809c2

Че Сун Силь Германаас яаралтай эргэн ирсэн мөн тэр баривчлагдсаныхаа дараа мөрдөн байцаалтад бүх зүйлээ хэлнэ гэж мэдэгдсэн нь үүнийг гэрчилж байна. Ойрын үед хэрэг хэрхэн өрнөх бол гэдгийг таамаглахдаа хэд хэдэн хувилбарыг дэвшүүлж болох юм. Нэгдүгээрт, Өмнөд Солонгосын түүхэнд анхных болох импичмент нэлээдгүй бодитой. Сөрөг хүчин парламентад ердийн олонх бөгөөд тэр нь Ерөнхийлөгчийг огцруулахад хангалтгүй ч Ерөнхийлөгчдөө дургүйцэх явдал эрх баригч намын дунд тархсан байгаа нь түүнийг огцруулахад шаардлагатай гуравны хоёрын санал авах магадлалыг өсгөж байгаа юм. Хоёрдугаарт, хэрэв импичментын аюул ихээхэн бодитой болоод мөн гудамжинд хэдэн мянган хүн эсэргүүцээд ирвэл Пак Кын Хе сайн дураараа огцорч болох юм. Гуравдугаарт, эвслийн тохиролцооны Засгийн газар байгуулаад засгийг эрх баригч ба сөрөг хүчний сонгосон Ерөнхий сайд атгаж болно. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуустал протоколын үүрэгтэй байж болно. Эцэст нь дургүйцлийн давалгаа намдаад бүгд эргэн хэвийн байдалдаа орно. Гэхдээ өнөөгийн эсэргүүцлийг харахаар ийм зүйл бараг гарахгүй биз дээ.

Сэтгэгдэл үлдээх