Asia/Africa

Исламын улс өндөр технологийн террорист ажиллагаанд бэлтгэж байна

Politik.mn 6,853 үзсэн7

“Исламын улс” террорист бүлгийн штабт өндөр технологийн аллага үйлдэх тусгай тасгийг байгуулсан нь Оросын тусгай албаныханд тодорхой болсон байна. Ялангуяа исламын террористууд удирдлагатай дроны тусламжтайгаар Европт террорист ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Исламын дайчид жижиг авсаархан хэмжээний удирдлагатай нисэх төхөөрөмжүүдэд анхаарлаа чиглүүлэн гар хийцийн тэсрэх төхөөрөмжтэй дронуудыг Европын орнуудад хийх аллагадаа ашиглах гэнэ. Цэргийн шинжээчид энэ тактикт ноцтой аюул агуулагдаж буйг сануулж байна. Дрон болон бусад роботууд одоогоор төгсжөөгүй боловч терроризмын энэ чиглэл хөгжих ирээдүйтэй байгаа юм.

Оросын тусгай албадын мэдээгээр, террористуудын өндөр технологийн анги саяхан гарч иржээ. Одоо тэр тасагт нь арваад мэргэжилтэн ажилладаг гэнэ. Тэдний дунд чеченийн дайчдын хээрийн дарга агсан Абу Хавс аль-Урданийн бэлбэсэн эхнэр Мария гэгч ажиллаж байгаа гэнэ. Түүний хөнөөгдсөн нөхөр Иорданийн террорист Чеченьд 1990-ээд оны дундуур ирсэн ба гадаадын сайн дурынхан, хөлсний дайчдыг даргалан Гүрж, Дагестан, Тажикстанд тулалдаж явжээ. Тэрээр 2005 оноос Ичкери улсын цэргийн эмирийн (командлагч) орлогч байгаад 2006 онд бусад гурван дайчны хамт устгагджээ. Дайчны бэлбэсэн эхнэр Мария дараа нь гадаадад гарсан байв.

Өндөр технологийн террорын тасгийг Умар Ар-Рифаи гэгч удирддаг ажээ. Уг тасагт ганц дайчдыг бэлтгэдэг захирал, аллагыг төлөвлөн бэлтгэдэг захирал, санхүү хариуцсан захирал зэрэг мэргэжилтэн ажилладаг гэж тусгай албаны эх сурвалж мэдэгдлээ. Энэ тасаг жижиг хэмжээний удирдлагатай дрон-нисэх системийн тусламжтайгаар аллага хийхээр бэлтгэж байна. Энэ систем нь террористуудад амь үлдэх боломжийг өгнө.

Өндөр технологийн террор хийх ажлыг хариуцсан багийн өмнө, аллагын тоог эрс нэмэгдүүлэх, түүнийг үйлдэгчдийн тоог эрс цөөрүүлэх үүрэг тавигджээ. Сүүлийн жилүүдэд амиа золиослогч нарын оролцоотойгоор төлөвлөсөн ихэнх аллага нь өмнөөс илрэн бүтэлгүйтсэн учраас одоо ганц бие алан хядагчдыг бэлтгэх ажиллагааг илүү их анхаарах болжээ.

Ажиллагааны схем нь ойролцоогоор ийм байх юм. Дээрээс өгөгдсөн тушаалын дагуу ганц бие оператор нисэх төхөөрөмжийг гар хийцийн тэсрэх бөмгөөр цэнэглэн хөөргөөд түүнийг алсын зайнаас удирдах юм гэж эх сурвалж тайлбарлав.

Түүний хэлснээр өндөр технологийн аллагыг Европт үйлдэхээр террористууд төлөвлөсөн мэдээ байгаа гэнэ. Дроныг тэсрэх төхөөрөмжөөр тоноглож хөөргөн олон хүнтэй газар эсвэл байгууламжийн дээр очиход нь алсын зайнаас дэлбэлэх ажээ.

Террористуудад энэ чиглэл ихээхэн ирээдүйтэй харагдаж байгаа учраас ноцтой аюулыг агуулж байна. Бэлэн болсон төсөл ч олон байгаа. Мөнгө хөрөнгөтэй учир тэдний зураг төслийг олж аваад бэлтгэх мэргэжилтнүүд тэдэнд хангалттай гэж эх сурвалж онцоллоо. Ийм нисэх аппаратууд нь хүмүүсийн амь наснаас гадна стратегийн байгууламжид цохилт өгөх аюулыг агуулж байна. Эдгээр нисэх төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн дутагдалтай. Тэдний нислэг удаан газраас тэднийг сөнөөхөд амархан. Гэхдээ энэ чиглэлийн хөгжил тасралтгүй явагдаж байна.

Кибер дайн, кибер үзэл суртал нь ирж буй ирээдүй юм. Жижиг хэмжээний нисэх төхөөрөмжийг ашиглах түүх бараг зуугаад жилийн настай. Бөмбөгтэй агаарын бөмбөлөг хэрэглэх гэж дэлхийн нэгдүгээр дайны үеэр ярьдаг, туршдаг байлаа. ХХ зууны дунд үеэс  алсын удирдлагатай системийг бүтээж эхэлсэн юм. Энэ чиглэлийн ажлыг эрт орой ялгаагүй хорлон сүйтгэх ажиллагаанд хэрэглэх л болно гэж тагнуулын албад үздэг гэнэ. Орчин үеийн дронууд хэд хэдэн камераас гадна хэдэн кг тэсрэх төхөөрөмжийг аваад явах чадалтай. Тийм ч учраас мэргэжилтнүүд тэдний эсрэг янз бүрийн хувилбар боловсруулж эхэлсэн аж.

Сэтгэгдэл үлдээх