Hot Topic + Experts

Төрийн өмчийг хувьд шилжүүлэх хувьсгал Монголыг тойрох уу?

З.Боргилмаа 1,391 үзсэн1

Монгол Улс чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжээд хорь илүү жил өнгөрсөн ч хувийн хэвшлийнхний бизнестэй төр нь өрсөлдсөөр өнөөдрийг хүрсэн юм. Хувийн өмч гэх ойлголт дөрвөн тал хашааны банз, шөлний хониноор хязгаарлагдсан социалист Монголд нийгэмд бүх өмч, үйлдвэрлэл зөвхөн улсынх байв. Үнэндээ социалист дээвэр дор төлөвлөгөөт эдийн засгаар замнаж явсан бүхий л улс орнуудад байдал биднийхтэй адил байсан ч өнөөдөр бол өөрчлөгджээ. Тэр тусмаа сүүлийн хэдхэн жилд тэрхүү өөрчлөлт эрс эрчимтэй өрнөсөн. Ямар өөрчлөлт вэ гэж үү? Товчхондоо бол төрийн өмчийн компаниудыг хувьчлах үйл явц эрс хурдасч, бүр хоёр дахь үе шатандаа орсон явдал юм. Сүүлийн хэдхэн жилд төрийн өмчөөс хувьчлагдсан компаниудын тоо хэдэн мянгаар яригдах болжээ. Ялангуяа хойд ба урд хөрш ОХУ, БНХАУ энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна.

Төрийн бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдынх нь сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт дээрх үйл явцад ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болох байх. Үнэндээ төрийн өмчит компани гэхээр төрөөс хараат байдлаар үр ашиг муутай үйл ажиллагаа явуулдаг компани гэсэн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон хэрэг. Хувийн хэвшлийн компаниТУЗ-тэй ба хувьцаа эзэмшигчдийн өмнө үйл ажиллагаа, санхүүгээ тайлагнан үр ашигттай ажиллаж, зах зээлд өрсөлдөнө гэж үздэг барууны үзэлтэй хөл нийлүүлэхийн тулд үүнээс өөр гарцгүй байх.

Хөгжиж буй орнуудад төрийн өмчийн компаниудыг хувьчлах явц хурдассантай зэрэгцээд өндөр хөгжилтэй улсууд болох Австрали, Канад, Япон, Их Британи, Франц зэрэгт зуун хувь төрийн мэдлийн болон төрийн хагас хяналттай компанийн тоо 100 гаруй  байснаас өнөөдөр 10 хүртэл цөөрчээ. Цөөрсөндөө асуудлын гол нь бас биш. Гол нь бүтэц өөрчлөгдсөн нь бүр ч анхаарал татахаар байгаа аж. Юу гэхээр томоохон төрийн өмчит компаниуд нь бараг хувийн корпораци хэлбэртэй болсон явдал. Тэдгээр компаниуд хувьцаагаа хөрөнгийн зах дээр арилжиж, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, бүр цаашилбал хөрөнгө оруулалтын удирдлагыг нь гадны гуравдагч байгууллага гүйцэтгэх нь ердийн хэлбэр болж буйг судлаачид онцолж байна. Харин Монголд улстөрчдийнх нь сэтгэлгээ хуучнаараа байгаа учраас үр дагавар нь хуучнаараа байгаа жишээг бишгүй олж харна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын төрийн мэдлийн 49 хувийг дотоодын компани худалдаж авсныг эрс буруутгаж буй байдал. Уг нь хувьчлалаар биш худалдааны арга замаар хоёр талын хооронд шийдэгдсэн үйл явц дундуур улстөрчид нь дайран орж ирэх нь ёстой л улс төр байх даа. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг шиг. Хувийн өмчийг хувалзтай адил ойлгож ирсэн хуучин цагийн хүмүүст “Эрдэнэт” үйлдвэр хувийн компанийн гарт орчихлоо. Хулгайгаар бидний юмыг авчихлаа” гэх тайлбар туйлын зөв сонсогдож байж мэднэ. Оросынх байсан өмчийг монголчууд авсан, гэхдээ хулгайлаагүй, худалдаж авсан гэдгийг уг нь бүгд мэдэж байгаа. Төрийн өмч нэртэй ч төрд гарсан улстөрчдийн өмч болчихдог үйлдвэр, уурхай Монголд өдий төдий. Мөн улстөрчид нь булаалдах битгий хэл тоож ч шиншлэхгүй үр ашиггүй өмч зөндөө.

Хэдийгээр хувьчлалаар биш хоёр талын худалдаа, наймааны хэлэлцээрээр шийдэгдсэн ч гэлээ “Эрдэнэт”-д бий болсон бүтцийн өөрчлөлт эрүүл үр дагавар авчирна гэдгийг эдийн засаг гадарлах хэн ч ойлгоно. Хувийн өмчийн оролцоотой компани үр ашгийн төлөө явна, санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй, зарчимтай болно. Хэн ч өөрийнхөө өмчөөс хулгай хийдэггүй. Үр ашиг, үйл ажиллагаа нь сайжрахын хэрээр улсад төлөх татвар нь нэмэгдэнэ. Үүнийг улстөрчид мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ төрийн өмчийн нэр дор “Эрдэнэт” дээр монополь нөлөөгөө тогтоож, элдэв шахааны бизнесээ зохицуулж ирсэн улстөр-бизнесийн бүлэглэлүүд л эс мэдэгч царайлж буй байх. Эс бөгөөс “би биш бол чи ч биш” гэсэн дүрэм энд үйлчилж байгаа байх. Худалдаа хөгжлийн банкны томоохон хувь эзэмшигч Д.Эрдэнэбилэгийг энэ наймааны эзэн хэмээн илчлэн зарлаж байгаагийн цаана “Энэ авч болсон юмыг би ч бас авч болох байсан” гэх санаа цухалзах мэт. Үнэн л дээ. Хэн ч байсан хэрэв эзэн нь юмаа зарья гээд ирэхэд сачий нь хүрвэл худалдаад авах л байсан байх. Харин үнэн нь гэвэл хэн байхаас эс хамаараад хэн нэгэн “олигархи” нь л авах байсан. Яагаад гэхээр түрээсийн байранд амьдардаг шударга улстөрч Ц.Нямдорж шиг, эсвэл элс ч хутгах хүрзгүй бидэн шиг хүмүүс энэ наймаанд оролцож чадахгүй нь л үнэн юм.

Нэгэнт үнэн ийм хойно хувийн өмчийн компанитай хамтран эзэмших “Эрдэнэт-ийнхээ ил тод байдал, илүү үр ашгийг нь л өнөөдөр улстөрчид нь, УИХ-ын дарга нь ярих ёстой баймаар. Энэ яриа илүү өөдрөг байх болно гэдэгт итгэлтэй байна. Баярламаар нь эрдэнэсийн уурхай  “Эрдэнэт” үйлдвэр хувийн өмчийн оролцоотой боллоо. “Эрдэнэт” дэх төрийн оролцоог хянах эзэн олдлоо. Яагаад үүнд баярлах ёстой вэ гэвэл тус үйлдвэр дэх төрийн оролцоо нь нийтийн эрх ашиг гэхээс илүүтэй хувийн ашиг сонирхлоо эрхэмлэдэг хэсэг бүлэг хүний л оролцоо болоод байсан юм.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master