Asia/Africa

Энэтхэг, Пакистан хоёр дайны босгонд тулж ирлээ

Ш.Самбуу 3,453 үзсэн0

Өнгөрсөн пүрэв гаригт Энэтхэгийн зэвсэгт хүчин Пакистаны нутаг дэвсгэрт  тусгай ажиллагаа явуулж, пакистанчууд хариуд нь их буугаар гал нээлээ. Хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо арав, арваар яригдаж байгаа. Исламабад Энэтхэгийг шууд түрэмгийлэл хийлээ гэж буруутгав. Шинэ Дели хил орчмын 10 км-ын зурвасаас иргэдийг ар тийш нь нүүлгэж байна. Цөмийн хоёр гүрэн  дайны ирмэгт ирээд байна.

Галд автсан хяналтын шугам

Есдүгээр сарын 29-ний шөнө Энэтхэгийн нисдэг тэргүүд таван газраар Кашмир дахь битүү тэсрэх бөмбөг бүхий хяналтын шугамыг даван нисэж Пакистаны нутаг дэвсгэрт  десант буулгалаа.  Газардсаны дараа тэд дайчдын лагерьт нууцаар дөхөж, исламын дайчдыг устгажээ. Энэтхэгийн хилчдийг тийрэлтэт сумаар харваж байсан тэдний буудлагын байгууламжуудыг бас устгасан байна. “Жейш-э-Мухаммед, “Лашкар-э-Тоиба”, “Хизб-уль-Мужахеддин” гэх террорист дайчдын 38 хүнийг маш богино хугацаанд устгажээ.

Мөн есөн пакистан сургагчийг хөнөөсөн байна. Дөрвөн цаг үргэлжилсэн энэ ажиллагааны явцад хоёр энэтхэг цэрэг шархдав. Уг ажиллагааг Ерөнхий сайд Нарендра Модийн шууд хяналтын дор явуулжээ. Хэдэн цагийн дараа Энэтхэгийн хилийн харуулуудыг пакистаны их буу буудаж, тэднээс гурвыг нь хүнд гэмтээсэн байлаа. Энэтхэгийн 21 цэрэг амь үрэгдэж, нэг цэргийг олзолсон гэж Пакистаны тал мэдээлэв.

Пакистаны телевиз өдрийн турш нисгэгчгүй онгоцоос Энэтхэгийн хилийн постууд, амь үрэгдсэн цэргийнхнийг харуулсан зураглалыг харуулж байлаа. Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф пакистаны хоёр цэрэг амь үрэгдсэн нь Энэтхэгийн шууд түрэмгийллийн хариу гэж тайлбарлав. Энэтхэгийн тусгай ажиллагаа гэж байгаагүй гэж тэр хэлжээ. Энэтхэгийн эрх баригчид булчин шөрмөсөө харуулах гээд Пакистаны постуудыг их буугаар буудсан, хил бол өмнөх  шигээ л  чанга түгжээнд байгаа хэмээн Шариф мэдэгдсэн юм.

Тохиромжтой агшин

pakistan-army-says-india-violates-ceasefire-fires-shells-1460283785-8057

Хил дээрх өнөөдрийн буудалцаан бол Кашмирийн бүсийн олон жилийн сөргөлдөөний үр дагавар юм. Хэдэн сарын өмнө Энэтхэгийн тусгай албаныхан “кашмирийн Че Гевар” гэгдэх Бурхан Ванийг хөнөөсний дараа энэ бүсэд байдал хурцдаад байна. Залуу  салан тусгаарлагчдын лидерийг хөнөөсний дараа Исламабад гашуудал зарлаж, пакистаны үндсэрхэг үзэлтнүүд хил нэвтрэн “Кашмирийг чөлөөлнө”  гэж амлаж байлаа. Үүнийг Энэтхэгийн  эрх баригчид өдөөн хатгалга гэж үзсэн ба Пакистаны эрх баригчид ба тагнуулын албадыг Кашмирийн самууныг турхирсан хэрэг гэж буруутгасан юм.

Энэтхэгийн арми  Кашмирийг номхотгохоор хэдэн жил дараалан зүтгэсээр ирлээ. Фото: Dar Yasin / AP

Есдүгээр сарын 18-нд исламын дөрвөн дайчин хяналтын бүсийг дөрвөн газраар нууцаар нэвтрэн Ури тойргийн орчимд энэтхэг цэргийн 19 хүнийг буудан хөнөөсөн нь гал дээр шар тос нэмсэн хэрэг болжээ. Үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Пакистаныг терроризмын экспортлогч гэж нэрлээд алуурчид цээрлэлгүй үлдэхгүй гэсэн юм.

Хариу цохилтыг Энэтхэг таарсан цагаар нь хийлээ. АНУ нь сонгуулийн өмнө хоёр орны хооронд тэнцвэрийг олж чаддаг увидастай. Хэн нь ч Америкийн Ерөнхийлөгч болсон гадаад бодлогоо тухай үеийн байдлаас үүдэн энэ хоёр оронд хэрэгжүүлж эхэлдэг. Бүрэн эрх нь дуусахаас хэдэн сарын өмнө Барак Обама даруулга муутай Пакистанаас илүүтэйгээр Энэтхэгийг стратегийн түнш гэж  үзэж байгаа нь илт.

Кашмирийн ард түмний  зовлон зүдгүүрийн талаар Пакистаны Ерөнхий сайд Шаваз Шариф дэлхий нийтэд дуулгасны хариуд нь Энэтхэгийн  удирдлага түүнийг терроризмыг дэмжигч гэж  шүүмжиллээ. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж Пакистаныг бүрэн хэмжээний олон улсын хоригт оруулах ч зорилтоо нуугаагүй юм.

Пакистаны дотоодын хэрэг явдал ч Энэтхэгт нааштай байв. Пакистаны арми хилийнхээ баруун хойд хэсэгт талибын дайчидтай сунжирсан тулаанд ороод  тэнд “нягтаар” татагдан зууралдаад байгаа юм. Тэндээс цэргээ Энэтхэгийн хил рүү татах нь талибуудад  ихээхэн хүч гарган эзэлсэн нутаг дэвсгэрээ буцаагаад алдана гэсэн үг болж байна.

Ус ба эдийн засаг

НҮБ-ын индрээс Энэтхэгийн удирдлага үг хэлээд зогсоогүйгээр барахгүй Ерөнхий сайд  Моди Инд мөрний усны талаар байгуулсан гэрээгээ эргэн харснаар тэндээс улам их усыг хэрэглэх болно гэлээ. “Цус, ус хоёр нийлэн урсч болохгүй” гэж Моди хэлсэн юм. Ган гачгаас байнгын хохиролтой,  Инд мөрний урсгалын дагуух пакистаны фермерүүд хүнд байдалд орох магадлал ихтэй болов. Гэрээг 1960 онд байгуулснаас хойш хоёр ч удаагийн дайны байдалд орж байсан ч Шинэ Дели уг гэрээг ямагт барьж иржээ. Хэрэв энэтхэгчүүд  өөрийн заналаа биелүүлж эхэлбэл Пакистан түүнтэй олон улсын шүүхээр заргалдана гэсэн байгаа. Моди Пакистаныг усаар боох нь юу л бол. Эцсийн эцэст Энэтхэгийн зүүн хойд хэсгийг усаар хангадаг Брахмапутра мөрний эх булаг нь Пакистаны холбоотон Хятадын нутагт байдаг. Энэ тоглоомд гурвуулаа хамтрахад Энэтхэг бараг хожихгүй биз дээ.

Гэхдээ хамгийн  ноцтой цохилт нь Энэтхэг Өмнөд-Азийн бүсийн орнуудын эвслийн  дээд хэмжээний уулзалтаас татгалзах тохиолдол болно. Энэтхэг өөрөө бүсийн орнуудыг нэгтгэсэн тус байгууллагыг 1985 онд байгуулсан юм. Бүсийн эдийн засгийн интеграци тэдний хүссэнээр  бололгүй ихээхэн удааширсан нь эцэстээ Энэтхэгийн гадаад бодлогод саад болоод эхэлжээ.

Идэвхтэй хамгаалалт

Энэтхэгийн өнөөгийн  үйл ажиллагаа нь хурдан шуурхай, чанга, заримдаа  өдөөн хатгасан өмнөх стратегитэй огт адилгүй. Эрх баригч “Бхарати Жанатапарти” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Рам Мадхав мэдэгдэхдээ “Стратегийн арга дууссаныг бид ойлгож байна. Энэтхэг аюулд хатуу хариу барин урьдчилж байх ёстойг бид мэдэрч байна” хэмээн хэлжээ.

Өнөөдрийн энэ хатуу бодлогыг боловсруулсан хүн нь Ерөнхий сайд Модийн аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал хэмээх домогт тагнуулч юм. Тэрбээр Энэтхэг даяар мөн гадаадад тусгай ажиллагаа явуулж ирсэн туршлагатай нэгэн аж. Моди түүнийг зөвлөхөөр авахаас өмнө Довал өөрийн стратегийг боловсруулсан байжээ. Түүнийг “Довалын номнол” гэж нэрлэдэг харин өөрөө түүнийгээ идэвхтэй хамгаалалт хэмээн цолложээ.

“Мумбайнх шиг бас нэг халдлага дахиад таарвал та нар Белужистанаа алдана. Пакистан Энэтхэгийг бодвол эмзэг. Энэтхэг ердийн хамгаалалтаа идэвхжүүлэхэд л пакистанчууд хожигдсоноо ойлгох болно” гэж Довал Исламабадад сануулаад буй.

Пакистаны самуунт нутаг Белужистаныг сануулсан нь хоосон сүрдүүлэг байгаагүй. Хэдийгээр Пакистан тэндхийн салан тусгаарлагчдад Энэтхэг тусалдаг гэж Пакистан буруутгадаг ч Шинэ Дели үүнийг үгүйсгэж ирсэн юм. Харин сая есдүгээр сарын 14-нд НҮБ-д суугаа Энэтхэгийн байнгын төлөөлөгч Ажит Кумар “Белужистан дахь өөрийн иргэдийн эрхийг байнга хэлмэгдүүлэн зөрчиж ирсэн” гэж мэдэгдэв. Хилийн хоёр талын шинжээчид үүнийг далдалсан сүрдүүлэг гэж үзлээ. Одооноос эхлэн хэрэв Пакистан Кашмирийн салан тусгаарлагчдад туслах юм бол Энэтхэг Белужистаны босогчдод тусална гэсэн үг болон сонсогдож байгаа юм. Кумарын үг исламын дайчдын довтолгооноос дөрөв хоногийн өмнө цацагдсан болохоор тэр нь “Довалын  үзэл баримтлал” аль эртнээс бэлтгэгдсэнийг харуулж байна. Шинэ Дели түүнийгээ хэрэгжүүлж эхлэх агшныг хүлээж байсан болж таарлаа. Пакистан тэр боломжийг нь олгожээ. Өдгөө Энэтхэг, Пакистан хоёр бие биеийнхээ өдөлтөд улам хүчтэй цохилтоор хариу  барин аюулд нь аюулаар бэлэг барьж байна. Хэн ухарна тэр нь алдан хожигдох юм. Хэрэв тэд үүнийгээ улам улмаар өргөжүүлэх юм бол хоёр талын аль аль нь өөрсдөд хангалттай байгаа цөмийн зэвсгээ эцэст нь гаргаж тавиад харуулж таарна.

Сэтгэгдэл үлдээх