Hot Topic + Experts

Төмөр зам ба 10000 бор цэрэг

О.Наранхүү 1,552 үзсэн1

Их хурлын даргын намын бүлгийнхээ хурал дээр арван мянган цэргээр төмөр замаа бариулах тухай хэлсэн үг олон нийтийн анхааралд яах аргагүй орж ирлээ. Үнэхээр стратегийн том төслүүдээ дотоодын ажиллах хүчнээ ашиглан хөдөлгөж чадвал түүн шиг том олз үгүй. Олон мянган залуус халаасандаа мөнгөтэй, сэтгэлдээ ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын шимийг бахдах бахдалтай болох юм. Цаана нь улс эх орны маань үүц болсон мега төслүүдийг хөдөлгөх нөхцөл бололцоо бүрдэнэ.

Түүх сөхөхөд…

Өнөөдөр өндөр хөгжилтэй олон орон ард иргэд нь цэрэг цуухтайгаа нийтээрээ ханцуй шамлан зүтгэж байж дэлхийн дайны сүйрлээс гарч том бүтээн байгуулалтууд хийж чадсан түүхийг бид хангалттай уншиж, сонссон. Социализмын үед манай орон ч барилгын цэрэгтэй байж асар их бүтээн байгуулалт хийсэн түүх өнөөдөр бидний нүдэнд илхэн байдаг. Монголын барилгын салбарыг өнөөгийн түвшинд хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн барилгын цэргийг анх Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Г.Дэмидийн санаачлага шийдвэрээр байгуулж байсан түүхтэй. Харин соц нийгэм ардчилалд байраа тавьж өгөхөд л сая барилгын цэрэг татан буугдаж байсан аж.

Гэхдээ тэр үеэс хойш өнөөдөр л гэнэт Их хурлын спикер мэргэн санаа гаргаж байгаа хэрэг биш. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний харьяа барилгын цэргийн гурван анги байгуулж олон ажлыг нугалсан жишээ байна. Тэдгээрээс нэгийг дурдахад Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий “Асгатын мөнгөний орд” хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг барьж байгуулан 2013 онд ашиглалтад оруулсан байдаг. Далайн түвшнөөс дээш 3500-3600 метрийн өндөрт орших орд хүрэхэд ОХУ-ын хилийг хоёронтаа давж очдог байсныг халж Зэвсэгт хүчний 340 дүгээр анги зам тавьж чадсанаар стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит нөхцөл бүрдсэн юм. Харин одоо… 10000 гэдэг бол яриа байхгүй том тоо.

10000 цэргээр ямар ажил хийлгэх вэ?

tomor zamiin zuragЗ.Энхболдын хэлснээр бол одоо санхүүжилт нь шийдэгдсэн Гашуунсухайт, Сайншанд, Бичигтийн гэсэн гурван төмөр замд шаардлагатай 10000 ажлын байр байгаа гэнэ. Хөдөлмөрийн яамнаас гаргасан сүүлийн хоёр жилийн судалгааны дагуу ажил эрхэлдэггүй, хайдаггүй, сурч боловсордоггүй эцэг эхээрээ тэжээлгэдэг 180 мянган иргэнээс сайн дураараа олон нийтийн ажилд дайчлагдах 10000 цэрэг өлхөн гарах гэнэ.

Тэдний хүчээр нэгдүгээрт Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг бариулна. Энэ бол өнөөх алдарт Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.долларыг цацаж төмөр замын далан буюу шороо овоолсон гэж ад үзэгдсэн хэсэг. Одоо тэр овоолсон шороон дээр төмөр зам гүйцээж барих хэрэгтэй.

Хоёрдугаарт Тавантолгойгоос зүүн чиглэлд нийт 1600 орчим километр урттай төмөр замын сүлжээ барих ба үүнд Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-Нөмрөг /380 км/ Чойбалсан-Эрээнцав /210 км/ зэрэг чиглэлүүд багтана. Төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы “Nippon Koe” гэх компани хийж дуусгажээ. Энэ чиглэлийн нийт 1800 орчим километр үргэлжлэх ган замыг дотоодын хүчин чадлаараа барина гэж мөрөөдвөл түүнээс том зүйл гэж юу байх вэ. Гэхдээ мөрөөдөл бодит байдал хоёр ондоо.

Манай улстөрчид итгэхэд бэрх хүмүүс

Гашуунсухайтын төмөр замыг нэгэнт компаниудаар их мөнгө амлан даланг нь бариулчихсан тул, ашиг тус нь ч тодорхой болсон ажил. Харин зүүн чиглэлийн асар урт төмөр замыг барих ажлын үр ашгийн тооцоолол тун ч бүрхэг. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Төв Азийн орнуудаар хийх айлчлалаа Монголоос эхэлсэн Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр Японы тал Ч.Сайханбилэгийн Засгийн газартай байгуулсан санамж бичиг батална. Уг нь Японы талтай манайхан шууд л ажлаа эхлэх тухай ярих гэтэл ихэд болгоомжтой японууд эхлээд ТЭЗҮ гаргана гэжээ. Тодруулбал зүүн чиглэлийн төмөр зам барих энэ төсөл хэр үр дүнтэй байх вэ, эдийн засгийн хувьд өгөөжтэй байх уу үгүй юу гэдгийг оны өмнө техник эдийн засгийн үндэслэлийг нь гаргах тухай санамж бичигт тэд гарын үсэг зуржээ.

Манай улстөрчид л учиргүй догдолж, телевизийн дэлгэцээр баатрын дүртэй яриад байгаа болохоос Японы хэвлэлүүдээр энэ тухай төдийлөн бичигдэхгүй, стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд монголчуудтай хамтарч болох ажлуудын нэг байж болох юм гэх төдий мэдээлж байгаа.

Тэгэхээр Японы тал яаран шийдвэр гаргах болоогүй л гэсэн үг. Манайхан ч гэсэн жаахан нухацтай бодоход гэмгүй байх. Төсвийн орлого тасарсан, ирэх оны төсвийг хэрхэн яаж танахаа шийдэж чадахгүй байгаа энэ цагт сэтгэлийн хөөрлөөр бөөн хүн хүч цуглуулж, ТЭЗҮ-гүй төмөр зам бариулахаар Зэвсэгт хүчний хөгжлийн санд хуримтлагдсан хэдэн төгрөгийг үрэн таран хийх тухай шуурах нь ямар л бол доо. Ёстой л япончууд шиг гарах гарцгүй болтол нь долоо хэмжиж, нэг огтолж байж шийдэх асуудал.

Итгэл дагуулж чадвал

Тиймээс зүгээр л том төсөл, том бүтээн байгуулалт тойрсон том яриа болгож, зарим улстөрчдийн бүтэхгүй хүслийг хэрэгжүүлэх хэрэгсэл төдий болголгүй үнэхээр ажил хэрэг болгох нь нэн чухал. Ингэж ажиллаж чадсан тохиолдолд нийтлэлийн эхэнд дурдсан шиг том олз шүүрч мэдэх л юм. Гадаадаас ажиллах хүч авах асар их зардлыг хэмнэхээс эхлээд Оюутолгой, Тавантолгойгоо ган замаар саадгүй хөдөлгөх таатай нөхцөл бүрдвэл нэн сайн. Энэ бол эрх баригчдын хувьд алдсанаа залруулах, нэмэх оноо авах том боломж. Үүнийг АН-ын дарга мэдэж байж л том дуугарсан гэж итгэе.

Харин энэ асуудалтай холбоотой 10000 бор цэргээ төмөр замын бүтээн байгуулалтад татан оролцууллаа гэхэд үнэ төлбөргүй шахам ажиллуулж, албадан хөдөлмөрлүүлэх вий гэж монголчууд толгой өвтгөх шаардлагагүй. Учир юун гэвээс манай улс албадан хөдөлмөрлөлтийн эсрэг олон улсын конвенцид аль эрт нэгдсэн байдаг. Ер нь залуучуудаа дайчлах санаа мэдээж зөв. Харин 10000 хүнийг хэзээ зохион байгуулж ажлын талбайд гаргах бол гэдэг асуудал. Айсуй сонгууль, манайхны назгайрал, цаг уурын сорилт, дараах нь өмнөхийнхөө шийдвэрийг бүрэн үгүйсгэдэг манай улстөрчдийн араншин үүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх л болов уу.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I am new to blogs and certainly enjoyed you’re web page. Most likely I’m likely to bookmark your blog . You definitely come with perfect articles and reviews. Regards for sharing with us your blog.

Сэтгэгдэл үлдээх