АН-ын бужигнаан

О.Наранхүү 14,011 үзсэн18

Орон нутгийн сонгууль хаяа дэрлэн дөхсөн авч Ардчилсан нам нам гүм, өнөө их шинэчлэл, шинэ салхи яригдсаар боловч барьж аваад хийчихсэн зүйл нэг ч байхгүй хэвээр. Сонгуулийн өмнө ямар байсан яг л тэр хэвээрээ Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хурлаа ойрхон зуур товлох боловч фракцын боссуудын ая тух таарч өгдөггүй тул хуралдуулалгүй хойшлуулж шидсээр. Аль Алтан гадасын босс намаа даргалж байх, Шонхорын эзэн намаа хайрцаглаж байх цаг үед ямар л байсан бахь байдгаараа.

Энэ арчаагүй дорой байдал нь одоогийн толгойд нь харин ч таатай санагдаж байгаа юм байх. Парламент дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ өчигдөрхөн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд яагаад ингээд ач холбогдол өгөөд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлоод байгаад  би нэг гайхаж байна. Өнөөдөр Ардчилсан намын нийгэм, эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөө харьцангуй бага. Учир нь, бид илт ялагдаж, МАН хэт олонх болчихсон. Ардчилсан намын оролцоотой, оролцоогүй тэд дангаараа бүх шийдвэрээ гаргаад явах боломжтой. Бидэнд ямар нэгэн хориг тавих боломж байхгүй” хэмээн хээв нэг ярьж суух.

Парламентад бол Ардчилсан нам хэлээ гаргаад буугаад өгчихсөн юм даг уу даа, бүлгийн даргынх нь хэлснээс ухахад. Гудамжинд, аль эсхүл сошиалд олон нийт өөрсдөө л эрх ашгаа хамгаалж тэмцэхгүй бол сөрөг хүчин гэж ер нь байхгүй болсон гэдгийг зарлаад өгөв. Ингэж эрх баригчдад илт тал засаж, зулгуйдахдаа цаагуураа өөрийн болон ойр тойрон, хүрээллийнхнийхээ арыг бодож, хамгаалж байдаг гэж хэн нэгний бичсэнтэй таарсан минь яг ийм үед тун итгэл үнэмшилтэй санагдаж байна.

Чухамдаа бол С.Эрдэнэ намын даргад зүтгэж Шонхор фракц, З.Энхболд тэргүүтэн Ардчилсан намыг яг л хуучин байдлаар нь засаж, эрхэндээ байлгахыг хүсэж, тэмүүлж байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Аймаг болгоны Ардчилсан намын хорооноос төрийн ордонтой танилцуулах нэрээр хүмүүс хотод авчирч ухуулан сэнхрүүлэх ажлыг Эрдэнэ вангийнхан ойрын хугацаанд идэвхтэй амжуулж байгаа аж.

Намын даргад зүтгэгсэд С.Эрдэнээр тогтохгүй гэдгийг уншигчид мэднэ. Тиймдээ л ҮЗХ-ны хуралдаан нь болж өгөхгүй, хоорондын толхилцоон нь тохиролцоондоо хүрч өгөхгүй хойшлуулсаар байгаа. Энд дээр дурдсан Шонхор болон Алтан гадас, МоАХ, МҮДН фракцуудын эрх ашиг яригдаж байна. Одоо намын даргын үүргийг гүйцэтгэж байгаа Д.Эрдэнэбат л гэхэд МҮДН-ийн ганц найдвар. Гэвч Алтан гадас, Шонхор, МоАХ тэргүүтнүүд МҮДН-ийн тоглоомын даргыг хошгоруулсаар өнөөг хүрсэн гэх. Орон нутгийн сонгуультай холбоотой намын асуудлаар Д.Эрдэнэбат дарга нь хуулийн байгууллагад хандахад эргүүлээд танай намын албан ёсны дарга биш, энэ намыг төлөөлөх субьект биш хэмээн үзэж огт тоосонгүй тул нөхцөл байдалтайгаа эвлэрч аргаа бараад өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна гэсэн мэдээлэл тараасан гэнэ. Нэгд, Орон нутгийн сонгуульд ялагдвал Д.Эрдэнэбатын карьераар бусад нь туг тахих магадлалтай, хоёрт намын даргын үүрэг гүйцэтгэгч нь ҮЗХ-ны хурлаар намын даргад нэрээ дэвшүүлэх бололцоогүй тул татгалзаж байгаад фракцаа төлөөлөн хүч үзэхээр шийдсэн гэх.

Алтан гадас, МоАХ-ын хувьд Ерөнхийлөгчийн талаас зүтгүүлэгсдийг дарж, гар хөлийг нь намдаа хумьж байх нэг зорилготой, болж өгвөл Шонхороос намын даргын суудлаа авах хоёр дахь зорилготойгоор ҮЗХ-ны хурал тойрон тоглолт үүсгэж буй.

Гэх мэтээр Ардчилсан намд өнөөх л бугшмал байдал цаагуураа улам хурцдаж байтал наагуураа С.Эрдэнэ мэт нь “хэвлэлийнхэн Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын юуг нь ингэтлээ сонирхсон юм” хэмээн хээв нэг бухимдлаа илэрхийлж суух. Уг нь эрх баригч намын засаглалаас илүү цөөнхийн шинэчлэл илүү олон нийтэд сонирхолтой байх нь ойлгомжтой.

Гэвч Ардчилсан намын толгойд гарсан албан ёсны бус удирдлагууд байсаар байгаа цагт цөөнхийн шинэчлэл гэж хараад ч нэмэргүй бололтой. Албан ёсны бус удирдлагууд гэсний учир нь дээр дурдсан Д.Эрдэнэбатаас өгсүүлээд парламент дахь бүлгийн дарга нь хүртэл Гүйцэтгэх зөвлөлөөсөө сонгогдож чадаагүйг хэлж байгаа юм. Уг нь бол бүлгийн даргаа парламентад сонгогдсон гишүүдээсээ биш намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас сонгодог аж. Гэтэл парламентын хэдэн гишүүд дээрээ сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн гэж аман дээрээ хэлэх боловч ачир дээрээ эрх мэдэлтэйгээ улайран зууралдаж байгаа З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар орж суучихаад л “олонхийн санал”-аар С.Эрдэнийгээ томилчихсон гэнэ.

Ингээд бүлгийн дарга нь ч зохих ёсоороо томилогдоогүй, даргын үүрэг гүйцэтгэгчийг нь ч хуулийн байгууллагууд зохих ёсныд тооцохгүй Ардчилсан намд хөл толгой нь мэдэгдэхгүй эх захгүй зүйлс өрнөсөөр л.

Сэтгэгдэл үлдээх