Asia/Africa

“Их 20” уу “Их 20-ийн бүлэг” үү?

Э.Мөнхзаяа 788 үзсэн1

      Өнгөрөн одож буй есдүгээр сарын эхний 15 хоног олон улсын харилцаа, улс төрийн ертөнцөд түүхэнд тэмдэглэгдэх онцгой содон үйл явдлаар дүүрэн сар болж үлдэж байна.

Тухайлбал, Зүүн Азийн бүс нутагт дахь ОХУ-ын Владивосток хотод есдүгээр сарын 2-3-нд Дорнын эдийн засгийн чуулга, 4-5-нд БНХАУ-ын Ханжоу хотноо “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт, 7-нд БНА Лаос Ард Улсын Вьентян хотод Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны байгууллага (ASEAN)-ын ээлжит хуралдаанаар болж өнгөрлөө.

Оролцсон улс орнуудын тоо, цар хүрээ, хэлэлцэж баталсан баримт бичиг зэрэг үр дүнгээс нь харахад зөвхөн энэ бүс нутаг төдийгүй дэлхийн нийтийн хөгжил, цаашдын чиг хандлагад нөлөөлөхүйц цаг хугацаа, орон зайн өргөн хүрээг хамарсан түүхэн үйл явдлууд болж өнгөрснийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрсөн юм. Албан ёсны хэллэгээр “Жи 20 буюу 20-ын бүлэг” албан бус монгол хэлээр “Их хорийн” гэх энэхүү олон улсын яриа хэлцэлийн механизм 1999 оны есдүгээр сарын 26-нд G7-ийн (Group of 7 буюу 7-ын бүлэг) Сангийн сайд нарын уулзалтын шийдвэрээр анхлан байгуулагдсан байдаг.

Англи, хятад, орос зэрэг НҮБ-ын үндсэн хэлээр “бүлэг” гэдгийг нь онцолсноос шууд утгаараа дэлхийн улс орнуудын “том, их” гэсэн санаа байхгүй. Хэдийгээр энэхүү олон улсын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын механизмд өнөө цагийн дэлхийн улс төр, эдийн засгийн хөгжлийн өнгийг тодорхойлогч их гүрнүүд багтдаг нь маргаангүй үнэн боловч судлаачийн хувьд, цаашдаа “Их” гэж дөвийлгөлгүйгээр “20-ийн бүлэг” гэдэг нэрээр хэвшвэл зүйтэй санагдана.

Олон улсын харилцааны түүхэнд өмнө нь 1964 он байгуулагдсан хөгжиж буй улс орнуудын “G77” буюу “77-ын бүлэг” хэмээх НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг байгууллагыг бид зөв нэршлээр нь дуудсаар ирснийг ч бодолцох хэрэгтэй.

“G20”-ийн түүхээс товчхон

      2008 онд анхлан болсон гишүүн улс орнуудын төр, засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтаас хойш энэ арга хэмжээ 2009, 2010 онд тус бүр хоёр удаа зохион байгуулагдаж энэ жилийн уулзалт 11 дэх уулзалт болж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаас гадна гишүүн орнуудын Сангийн сайд, Төв банкны удирдлагуудын уулзалт тусдаа зохион байгуулагддаг. Таван тивийн төлөөлөл болсон 19 улсаас гадна Европын холбоог оролцуулан 20 гишүүнтэй гэж тооцдог дээд хэмжээний уулзалтад Европын комисс, Европын төв банк төлөөлөн оролцдог байна. Өнөөдөр энэхүү бүлгийн улс орнууд нь дэлхийн ДНБ-ний 85 хувийг үйлдвэрлэж, дэлхийн худалдааны 80 хувийг хийж, нийт хүн амын гуравны хоёрыг эгнээндээ багтааж буй.

Уулзалтад албан ёсоор Дэлхийн Банк, Олон улсын валютын сан, НҮБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын удирдлага оролцдог юм. Харин 11 дэх удаагийн хуралд урилгаар Африк тивээс Чад, Египт, Сенегал, Зүүн өмнөд Азиас Лаос, Сингапур, Тайланд, Төв Азиас Казахстан, Европоос Испани зэрэг улсын төр засгийн тэргүүнүүд оролцсоноороо онцлог байлаа. Газрын зураг дээр буулгаж харвал манай ойрын болон холын хөрш гэж болох бүх улсууд энэ бүлэгт багтдаг, багтдаггүй зарим нь урилгаар оролцож байгааг харж болно.

Энэ жилийн уулзалтын бүрэлдэхүүнийг харахад өмнөх жилээс зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт ороогүй боловч удахгүй халаагаа өгч хамгийн сүүлийн удаа оролцож байгаа АНУ-ын Ерөнхийлөгч, анх удаа оролцож байгаа Британи, Канад зэрэг улс орны Ерөнхий сайд нар онцлог харагдаж байсныг дурдалгүй өнгөрч болохгүй.

Энэ жилийн БНХАУ-ын Жежянь мужийн нийслэл Ханжоу хотноо болсон уулзалт нь Хятадад анх удаагаа, 2010 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсны дараах Ази тивд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

“Ханжоу 20-ийн бүлэг-2016”

      Эх орондоо анх удаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар Ханжоу хотыг сонгосон нь тохиолдлын хэрэг биш юм. Хятадын өмнөд бүсэд байрлах эртний түүхт, эртний түүх сударт “газрын диваажин” гэгддэг Ханжоу хот нь цаг уурын тааламжтай нөхцөлтэйгээс гадна цайны ургамлаараа алдартай нутаг юм.

Хятадын цаасан мөнгөн дэвсгэртийн хамгийн бага нь болох нэг юаны дэвсгэртийн арын нүүрэнд зураг нь байрладаг Баруун нуур нь Бүх хятадын заавал очиж үзэх ёстой арван газрын нэгэнд багтдаг байна. Ханжоу дахь G20-ийн уулзалтын үеэр аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдлыг дээд зэргээр хангаснаас гадна зочдын тав тухтай байдлыг хангах талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хэвлэл мэдээлж байв. Манай иргэдийн хувьд ASEM-ийн дээд хэмжээний арга хэмжээг зохион байгуулах үеэр хэрэгжүүлсэн зарим нэг арга хэмжээтэй зарим нь танил санагдах байх. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах үүднээс авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зөвхөн цөөн тооны зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг хотын төвөөр зорчуулах, барилгын ажлыг түр зогсоох, албан хаагчдад долоо хоногийн хугацаатай амралт олгон, хотоос гадагш гарахыг дэмжсэн, тухайн бүс дэх үйлдвэрүүд тэр дундаа 200 гаруй ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг түр зогсоосон байна. Муж нь нийтдээ 43 сая орчим хүнтэйгээс Ханжоу хотод 8 орчим сая хүн оршин суудаг гэхэд тэр хэмжээний гадна, дотны зочин гийчин жилдээ хүлээн авдаг том газар. Өнөөдрийн БНХАУ-ын дарга энэ мужийн намын хорооны даргаар цөөнгүй жил ажилласан гэдэг. Дэлхийн хэмээнд нэгэнтээ хүрсэн Алибаба группын төв байр энд байрладаг гэхээр ямар хэмжээний хот болох нь ойлгогдох байх.

БНХАУ-ын дарга Си Жинпин 20-ийн бүлгийн энэ удаагийн уулзалтын зорилтыг товчлон тодорхойлохдоо “Бид 20-ийн бүлгийн үйл ажиллагаа нэгдсэн багаар хийх хэрэгтэй байна. Энэ онд бид тогтвортой хөгжил, ногоон банк санхүү, өндөр үр ашиг, авилгатай тэмцэх зэрэг олон салбарт үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тогтоож, үйл ажиллагаа бүхнийг бодитоор хэрэгжүүлсэн юм. Бид хэдийгээр улс орны байдал өөр өөр, хөгжлийн үе шат өөр, тулгарч буй өрсөлдөөн сорилт адилгүй боловч хамтаар хөгжих алсын зорилт адил юм. Бид хамтаар хөгжих зориг санааг тууштай баримталбал дэлхийн эдийн засагт нүүрлэж буй бэрхшээлийг даван туулж, өсөлтийн шинэ ирээдүйг нээж чадах юм” гэж тэрээр тэмдэглэжээ.

Дээд уулзалт өндөрлөх үеэр талууд нийтдээ 29 зүйлийн үр бүтэмжийн баримт бичгүүд тохиролцсон байна. Үүнд “20-ийн бүлгийн” өсөлтийн арга хэлбэрийг шинэчлэх зураг төлөвлөгөө, “20-ийн бүлгийн” дэлхийн худалдааны өсөлтийн стратеги ба дэлхийн хөрөнгө оруулалтын удирдамж зарчим, “20-ийн бүлэг”-ээс Африк тивийн болон бусад буурай хөгжилтэй улс орнуудын аж үйлдвэржилтийг дэмжих санаачилга, Дэлхийн дэд бүтцийн түншлэлийн холбооны санаачилга зэрэг шинийг нээсэн ач холбогдол бүхий багц чухал баримт бичгүүд багтсан байна. Энэхүү уулзалтын үр дүнг цөөн үгээр тоймловол, “20-ийн бүлэг”-т багтдаг улс орнууд цаашдаа дэлхий дахины улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд нэгэнтээ нүүрлэсэн аливаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван гарах тухайд биш харин угтан тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг тохиролцсон гэж болох юм. Аливаа томоохон үйл ажиллагааны нээлт, хаалтын ёслол нь тухайн зохион байгуулагч улсын хөгжил цэцэглэлт, онцлог талыг харуулах боломж байдгыг энэ удаа Хятад улс алдаагүй болохыг цэнхэр дэлгэцээр шууд хүлээн авч үзсэн дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Нэгдсэн хуралдаанаас гардаг баримт бичиг, шийдвэр зэрэг шууд үр дүнгээс гадна энэ түвшний уулзалтад оролцож буй улс орон, талуудын хоёр талын уулзалт яриа, тэдгээрийн үр дүн, ач холбогдлыг тооцон үзвэл ихээхэн бодит үр дүнтэй үйл явдал болж өнгөрснийг судлаачийн хувьд дахин тэмдэглэхийг хүсч байна. Тухайлбал, уулзалтын өмнөх өдөр буюу 9-р сарын 3-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Жинпинь нар 2015 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх их хурлаас баталсан Парисын хэлэлцээрт нэгдэн орж байгаагаа зарласан байна. Ингэснээр энэхүү хэлэлцээрт нийтдээ 26 улс багтаж байгаа бөгөөд дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн 18 %-ийг АНУ, 20 %-ийг БНХАУ ялгаруулдаг байна.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх