Hot Topic + Experts

Эрх баригчид яарч, Ардчилсан нам унтаж байна

О.Наранхүү 10,776 үзсэн18

Ард түмнээсээ дөрвөн жил эрх барих мандатаа авсан улс төрийн хүчин Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нам дотроо ажлын хэсэг байгуулаад холбогдох судалгаа хийж, санал боловсруулаад эхэлсэн мэдээлэл гарлаа. Угаас МАН сонгуульд оролцохдоо “Хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Тэгвэл Засгийн газраа байгуулаад удаагүй шинэ эрх баригчид мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Үндсэн хуулинд гар дүрэхээр яарч эхэлжээ. Одоогоор ямар өөрчлөлт оруулах гэж байгаа нь тодорхойгүй ч намрын чуулганаар өргөн барих магадлалтай байгаа нь яарч байгааг нь илт харуулна.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогыг үе үеийн эрх баригчид хийсээр ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн 2015 оны тавдугаар сард УИХ-ын дарга асан З.Энхболдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэг байгуулж даргаар нь “Фортуна” Н.Батбаярыг томилж байсан юм. Нийгэмд багагүй дуулиан дэгдээж, 99 гишүүнтэй парламенттай болно, Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгоно, хугацааг нь зургаан жилээр тогтооно зэргээр олон нийтийг шуугиулсаар байгаад ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулах гэж ухнатсаар эцэстээ боломжгүй болж дууссан билээ.

Тэгвэл тухайн үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж, энэ парламентад тийм ёс суртахууны эрх байхгүй гэж байсан МАН өөрсдөө олонхи болмогц ёс суртахуун ярилгүй шууд Үндсэн хуулинд өөрчлөлт хийхээр яарч эхэлсэн байна. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад маш өндөр босго тавигддаг ба парламентын гишүүдийн дөрөвний 3 хувийн, 57-гоос доошгүй гишүүний саналаар өөрчилдөг. Тэгвэл тэдэнд 57 байтугай санал бий.

Гэтэл Монголын парламентын өөр нэг найдлага хүлээлгэж болох, өнгөрсөн сонгуулиар хүнд ялалт хүлээсэн ч одоог хүртэл олон нийт итгэл найдвар хүлээлгэж, хараагаа бэлчээж байдаг АН унтсаар л байна. Маргааш АН-ын ҮЗХ хуралдахаар тов зарлагдсан. Гэхдээ хуралдах эсэх, хуралдаад дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийх хөрсийг бүрдүүлж, намын даргаа сонгож чадах эсэх нь бүрхэг. Үүний шалтгаан фракцийн удирдлагууд намын даргын суудлын төлөө тохиролцож чадахгүй байгаатай л шууд холбоотой. Тэднийг эрх мэдэлтэйгээ зууралдаж, намын дарга, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг мөрөөдөж суухад хүлээх цаг нэгэнт алга болж байна. Ирэх жил хэн нэр дэвших вэ гэж бодож суух завсарт эрх баригчид хэдийнэ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар ажлын хэсгээ байгуулаад амжжээ.

Ардчилсан намынхан Намын дарга, Ерөнхийлөгч хэмээн том албан тушаалууд бодож, зүүдэлж байх хооронд Ардын намынхан гэнэтхэн хуулийн төсөл оруулж ирээд л ярсхийтэл гар өргөж шийдээд л явчихна гэсэн үг. Хуулийн хүрээнд заагдсан бүх шат дамжлагыг ногоон гэрлээр даваад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бүрэн эрх нь тэдэнд бий. Өөрчлөлт хийхдээ ирэх жил нийт ард түмний сонгууль явахгүй, өнгөрсөн жил “Фортуна” Н.Батбаярын ярьж байсан шиг парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгоод л эцсийн дүндээ М.Энхболд ногоон гэрлээр дээшээ залрах хувилбар байхыг ч үгүйсгэхгүй. Ванга шиг зөгнөж байгаа ч юм биш, гэхдээ л үйл явдлын өрнөл ийм байдалд хүрэхийг хэн үгүйсгэх билээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах сэдэл, шалтгаан нь эрх баригч намын дарга нарын эрх ашигтай уялдсан том зүйл л байж таарна.

Байдал ингэж өрнөвөл одоогийн Ерөнхийлөгч саад хийх боломжтой, гэхдээ хязгаарлагдмал гэдгийг саяын алдарт 26-р тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Ардын намын 65 гишүүн улан дороо гишгээд өнгөрч байгаагаас л харагдаж байгаа юм.

Хэдийгээр одоо Н.Энхбаяр, дараа нь Э.Бат-Үүлийг оролдож байна хэмээн бичээд байгаа ч дээрх байдлаар хүссэн бүхнээ хуулийн хүрээнд хийж, өөрчлөлт хийгээд л явчих арга зам ч эрх баригчдад бүрэн байна.

Бүр эвгүйтэж, том зөвшилцөлд хүрэх юм бол Ерөнхийлөгчийн засаглал ч тогтоочих том хүч парламентад хуралдсан байгааг харамсалтай нь сөрөг хүчин болсон Ардчилсан намынхан ухаарч амжихгүй л яваа бололтой.

Сэтгэгдэл үлдээх