Asia/Africa

“ИХ 20” буюу Эдийн засгийн форум яагаад улс төрийн асуудал хэлэлцэх газар болон хувирав

Э.Мөнхзаяа 1,295 үзсэн0

      Хятадын Ханчжоу хотод “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын 4-5-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Үзэсгэлэнт Сиху нуурын ойролцоох томоохон төвд дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнуудын төлөөлөгчид цугларч, уулзалт, хэлэлцээ хийсэн юм. Энд удирдагчид, зочид төлөөлөгчдийн ая тухтай байдлыг бодож, хотын иргэдийг гарч явахыг хүсчээ. \

Уулзалтаас өмнө Владимир Путин “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Их 20”-ийн уулзалт олон улсын улс төрийн байдалд бус, эдийн засгийн асуудалд төвлөрнө гэж хэлж байсан ч яалт ч үгүй улс төрийн сэдэв рүү хальтираад орж байлаа.

Picture%209_13

Бид шинэ ертөнцөд хөл тавьж байна

      Их 20 буюу G20 нь 1990-ээд оны сүүлчээр Азийн орнууд санхүүгийн хямралд автаж, барууныхан үүнийг хэрхэх талаар мэдэхгүй байх үед үүсэн бий болсон юм. Яг энэ үеэс л Их наймын Сангийн сайд нар дэлхийн эдийн засгийн хувь заяаг шийдвэрлэгчдийн хүрээг өргөтгөх нь зүйтэй юм байна гэсэн санал дүгнэлтэд хүрсэн гэдэг. Энэ нь ч логикийн хувьд үндэслэлтэй зүйл байсан юм. Хятад, Энэтхэггүйгээр дэлхийн эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэнэ гэдэг хэцүү. Гэхдээ Берлинд 1999 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулагчдын бага хурал хийснээс хойш G20 бараг мартагдсан юм. 2008 оны хямрал хүртэл дээд хэмжээний уулзалт бараг хийгдээгүй бөгөөд жил бүр Сангийн сайд нар, Төвбанкны тэргүүнүүдийн уулзалт төдийхнөөр хязгаарлагдаж байлаа. Харин Америкийн хөрөнгө оруулалтын “Lehman Brothers” банк, “Fannie Mae”,“Freddie Mac” ипотекийн компаниуд дампуурсны уршгийг бараг дэлхий нийтээрээ амсаж, энэ хямралыг дангаараа даван туулахын аргагүй болжээ. Тэгээд л дахиж хүчээ нэгтгэх ёстой болсон гэсэн үг. Яг энэ үед өмнө нь нэр төдий байсан G20 хэрэг болж, яаралтай хурал хийхэд хүрсэн гэдэг. Ингээд хямралын эсрэг уулзалт 2008 оны арваннэгдүгээр сард Вашингтонд, түүнээс зургаахан сарын дараа 2009 оны дөрөвдүгээр сард Лондонд, тухайн оны есдүгээр сард Их-20-ийнхон дахиад л АНУ-ын Питтсбургтээ цугларцгаасан.

2008 оны дээд хэмжээний уулзалтын дараа тухайн үедээ Францын Ерөнхийлөгч байсан Николя Саркози “Бид шинэ ертөнцөд хөл тавьж байна” гэж хэлсэн түүхтэй. Түүний хэлснээс үзвэл санхүүгийн салбарын үйл ажиллагааны үндсэн зарчмаа зөвшилцөж, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааны хяналтыг чангатгах түүхэн уулзалт болсон нь илэрхий байлаа.

Уулзах шалтгаан

      Тэр цаг үеэс хойш эдийн засгийн хямралын хурцадмал байдал ч намжжээ. Харин Их-20 хэвээр үлдэв. Өдгөө тэдний хэлэлцэх гол асуудал эдийн засгийн гэхээс илүүтэй улс төрийн шинэ түвшинд иржээ. Үүний шалтгаан нь нэг талаас үзвэл G20 нь дэлхийн өнцөг булан бүрээс нэгтсэн улс орнуудын нэгдэл бөгөөд Их наймыг бодвол илүү тэнцвэртэй. Нөгөө талаас үзэхэд G20 нь дэлхийн удирдагчдын нүүр нүүрээ харан уулзах аятайхан боломж юм.

Мэдээж албан ёсны айлчлал энэ тэр гэхгүйгээр ажлаа явуулж, товчхон яриа хэлэлцээ хийх нь цаг хэмнэх давуу талтай. Ялангуяа хүнд харилцаатай байгаа улс орны удирдлагууд уулзалт хийх шаардлагатай бол G20-ийн талбар хамгийн тохиромжтой газар. Улс төрийн нөхцөл байдлаас болж заримдаа бие биенийхээрээ айлчлах боломжгүй, тэгсэн хэрнээ нүүр нүүрээ харж ярилцах шаардлагатай байдаг.

Жишээлбэл, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай уулзсан.

Хоёр орны төрийн тэргүүний харилцаа Туркт өнгөрсөн долоодугаар сард болсон цэргийн эргэлт хийх оролдлогоос хойш эрс хүйтэрсэн юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн энэхүү таагүй асуудлаараа өөр өөрсдийн санал бодлыг илэрхийлж амжсан билээ. Түүнчлэн АНУ-ын болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт өчигдөр болсон юм. Тэд ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд цаг гаруй хэртэй үргэлжилжээ.

hangzhou7

Диваажингаас хөөгдөгсөд

      Хятаддаа жижигт тооцогдох Ханчжоу хот нь нутгийн хэллэгээр бол газрын диваажин гэгдэх газар гэнэ. Гэвч Хятадын удирдлагууд энэхүү диваажингаас есөн сая оршин суугчийг нь хөөж гаргажээ. Ингээд Их-20-ийн удирдагчдыг Сиху үзэсгэлэнт нуурын ойролцоо байршуулсан байна. Харин хотын үлдсэн хэсэг тэр чигтээ чимээ ангиргүйд дарагджээ. Эндхийн цэв цэвэрхэн гудамжинд ханцуйндаа улаан туузтай бүлгэмийн гишүүд жагсаж явах бөгөөд дэлгүүр, кафены хоосон лангуу харлаж харагдах аж. Ажилчдыг долоо хоногоор амрааж, үйлдвэрлэл эрхлэгчид багагүй хохирол амсахаар төлөвтэй байна.

Тус улсын төрийн тэргүүн Си Жиньпиний хувьд Ханчжоуд Их 20-ийн уулзалтыг явуулахаар санамсаргүй төлөвлөөгүй. Өмнө нь тэрбээр энэ мужийн амбан захирагчаар ажиллаж байсан учраас маш бардмаар энэ хотоо танилцуулж байгаа аж.

Putin-Gifts-Xi-Jinping-Russian-Ice-Cream-During-G20-Visit.-Chinese-President

Шог яриа, мөхөөлдөс бас lady in red

      Үнэхээр ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан дээд хэмжээний уулзалтын эхэнд удирдагчид улс төрийн асуудлаар яриа хөөрөөгөө эхлээгүй. Путин есдүгээр сарын 3-нд Ханчжоуд ирээд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах үедээ “Тагнуулын албаны тэргүүн энд байгаа бол бидэнд яриад байх ч юу байх вэ дээ. Танд тэр аягүй бол бүгдийг түрүүлээд дуулгаа биз” хэмээн хошигнон хэлжээ.

Харин маргааш нь Путин Си Жиньпинтэй уулзахдаа стратегийн гол түншээ юунд дуртайг нь мэдсэн бололтой, бүтэн хайрцаг мөхөөлдөс бэлэглэсэн байна. БНХАУ-ыг төрийн тэргүүн орос мөхөөлдөст дуртайг Хятадын хөрөнгө оруулагчид түүнд хэлсэн аж. Си ч үүнийг баталж, орос мөхөөлдөс цөцгий сайтай байдаг хэмээн баталсан байна.

Obama and May arrive to speak to reporters after their bilateral meeting alongside the G20 Summit, in Ming Yuan Hall at Westlake Statehouse in Hangzhou, China

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Путинтэй уулзах үеэрээ улаан өнгийн костюм өмсөж, хамгийн дэгжин хатагтайгаар шалгарчээ. Харин Си даргатай уулзах албан ёсны ёслолоор өргөн пиджак, өмдтэй Ангела Меркель, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хэ нарын дэргэд гоолиг хөлөө ил гаргасан тод өнгийн банзалтай Ерөнхий сайд үнэхээр дэгжин, ганган харагдаж байлаа.

(G20 SUMMIT)CHINA-HANGZHOU-XI JINPING-MEXICAN PRESIDENT-MEETING (CN)

Тэгвэл кино жүжигчинтэй төстэй, царайлаг эр, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог орж ирэхэд Хятад, Японы сэтгүүлчид уулга алдаж, түүнийг фоноо болгон селфи хийж байв. Мөн Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер сурсан зангаараа Си Жиньпинийг үнсэж, тэврэхэд Хятадын хэвлэлийнхэн хачирхан зогсож байлаа. Европын холбооны Зөвлөлийн дарга Дональд Туск үүнийг анзаарсан уу, Ситэй зүгээр л гар барьж, инээмсэглэн зогсож байв.

Ерөнхийдөө төрийн тэргүүнүүдийн уулзалт, ёслолын ажиллагаа улаан хивсэн дээр алхаж буй жүжигчдийг санагдуулам байв. Нээлттэй европчууд гэрэл зурагчдын өмнө найрсгаар зургаа татуулан зогсож байхад АНУ-ын төрийн тэргүүн хамгийн урт цуваагаараа олныг алмайруулж, Ойрх Дорнодын удирдагчид эргэн тойрныг ажиглалгүй доош ширтсээр орж, азиуд даруу төлөв хувцаслажээ.

IMG_5854_0

G20-ийг тойрсон эхний дуулиан

      Ерөнхийдөө Их 20-ийн уулзалт дипломат шуугианаар эхэлсэн гэхэд болно. Хятадын зохин байгуулагчид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн онгоцны үүдэнд улаан хивстэй шат гаргаж өгөөгүйн улмаас түүнийг нөөц хаалгаар гаргахаас өөр аргагүй байдалд оруулжээ. Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч нөхцөл байдлыг тайлбарлаж өгөхийг хүсэхэд “Энэ бол манай улс. Энэ манай нисэх онгоцны буудал. Ойлгомжтой юу” гэж хариулсан байна. Ийм бичлэг Америкийн олон нийтийн сүлжээгээр маш хурдан тархжээ.

“Reuters”-ын баталж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх Сюзан Райс ч онгоцноос гарч, сэтгүүлчид дээр очих гэтэл түүнийг хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй андуурч, онгоцондоо эргэж ирэхийг хориглосон гэнэ.

Бээжин дэх Мексикийн Элчин сайд байсан Хорхе Гуахардо энэ явдлыг үл ойлголцол, Хятадын зохион байгуулагчдын хариуцлагагүй ажлаас болсон гэж үзэхгүй байгаагаа Британийн “The Guardian” сонинд мэдэгджээ. “Би хятадуудтай зургаан жил ажиллаж үзсэн. Ерөнхийлөгчдийн айлчлалуудыг ч зохион байгуулж явлаа. БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпинийг Мексикт айлчлахад нь дагалдан явж, Мексикийн хоёр ч Ерөнхийлөгчийг Хятадад хүлээн авахад нь оролцож байсан. Тийм болохоор тэд ийм айлчлалыг яаж хийдгийг сайн мэднэ. Тэд жижиг сажиг гэлтгүй бүх зүйлийг нь нарийн тооцоолж төлөвлөдөг. Тиймээс энэ явдал зүгээр ч нэг алдаа байгаагүй” хэмээн мэдэгджээ.

Харин Барак Обама энэ асуудлыг дэвэргэхийг хүсэхгүй байна. Тэрбээр энэ явдал Америк, Хятадын харилцаа ямар байгааг илэрхийлэхгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэд улс төрийн хувьд зөрчилдөөнтэй байгаагаа огт нуудаггүй. Си Жиньпин Барак Обамаг Төвөдийг тусгаар тогтнуулах хөдөлгөөнийг дэмжихээс татгалзахыг зөвлөж байсан. Мөн АНУ-ыг Өмнөд Солонгост пуужингийн эсрэг хамгаалалт байгуулахгүй байхыг уриалж байлаа. Харин Барак Обама өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд Вашингтонд Төвөдийн цөллөгийн Засгийн газрын тэргүүн, XIV Далай ламыг хүлээн авч уулзсан төдийгүй Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн төлөө тэмцэлдэхээс зайлсхийхийг уриалж байсан юм. Тэр ч бүү хэл Хятадад хүний үг хэлэх эрх чөлөө хязгаарлагддаг, хэвлэл мэдээллийг хавчин, хяналт тогтоодог тухай дурдаж байв.

Их 20-ийнхон дүрвэгсдийн асуудлаар санал зөрөлджээ

      Их 20-ийнхон Ханчжоугийн дээд хэмжээний уулзалтаар Европ дахь цагаачлалын асуудлыг хэлэлцэх үеэрээ санал зөрөлджээ. Эх сурвалж “Дүрвэгсдийн асуудлаар томоохон маргаан дэгдсэн. Турк, Европын зүгээс бусад улс орныг асуудалд оролцож, шийдвэрлэх ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж үзсэн” гэж мэдэгджээ. Үүнээс гадна цаг уур, илүүдэл хүчин чадал, газар нутгийн өмчлөлийн эрхийн асуудлууд маргаантай сэдвүүдэд орсон гэнэ.

Сэтгэгдэл үлдээх