Post

Хан-Уулын АН-ын шинэчлэлийн хороо тойргийн тойргийн сонгуулийн хороонд гомдол гаргажээ

Х.Хулан 189 үзсэн0

      Өнгөрсөн УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт л Ардчилсан намын төлөөлөл ялалт байгуулсан юм. Угаас энэ дүүргийн иргэд 2008 оноос хойш ардчиллыг дэмжиж, АН-д саналаа өгч ялуулсаар ирсэн. Тэгвэл энэ утгаараа ирэх сард болох Дүүргийн ИТХ-ын сонгуульд ч мөн Хан-Уулын ардчилагчид л ялалт байгуулах магадлал өндөртэй гэгдэж буй. Харамсалтай нь өнгөрсөн даваа гарагт болсон Хан-Уул дүүргийн АН-ын хурлаар нөхцөл байдлыг тун ярвигтай болгож орхижээ. Учир нь тус дүүргийн АН-ын салбар хорооны хурлаар Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 35 мандатын төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох болоход энэ намыг байнга дагаж явдаг, улмаар их ялагдалд хүргээд байгаа талцал, хуваагдал фракци хоорондын тэмцэл өрнөсөн байна. Тодруулбал дүүргийн АН-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунболд нар ихэнх нэр дэвшигчдийг өөрсдийн ойр хүмүүсээр бүрдүүлж, санал тоолох үйл ажиллагааг будлиантуулсан нь гишүүд төлөөлөгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Улмаар 35 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдөх байсан олон нэр дэвшигчид хурлыг хаяж одсон ба жирийн гишүүд нь Хан-Уул дүүргийн АН-ын дэргэдэх Шинэчлэлийн хөдөлгөөн байгуулж ажиллаж эхэлсэн байна. Ингээд Хан-Уул дүүргийн АН-ын шинэчлэлийн хороог байгуулаад байгаа Э.Түвшинтэй ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн АН-ын хурлаар ямар үйл явдал өрнөснийг тайлбарлахгүй юу?

-Хурлаар АН-аас Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулах байсан. Шөнийн 00.00 цаг хүртэл хуралдсан. Энэ хурал хоёр, гуравхан хүний төлөвлөгөөний дагуу явагдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн АН-ын дарга Д.Батбилэг, гишүүн Б.Ариунболд нар МоАХ фракцийн төлөө энэ хурлыг бусармагаар самарч хаясан. Дандаа ах дүү, төрөл садан, эргэн тойрны хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэхээр болгочихож байгаа юм. Тэгсэн хэрнээ 2008 оноос хойш ялалт байгуулж хорооны Засаг дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж дүүргээ хөгжүүлж ирсэн шилдэг залуусыг нэр дэвшүүлэхээргүй болсон. Нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт явуулсны дараа санал тоолоход будлиантуулаад л ийм болгочихож байгаа юм. Хамгийн муухай нь нэр дэвших эрхээ эргээд мөнгөөр наймаалцах асуудал яригдаж байна. Энэ бол АН-д байж боломгүй асуудал.

-Ийм байдалд бусад гишүүн нь ямар арга хэмжээ авч байна?

-Ард иргэдтэйгээ, намын эгэл жирийн гишүүдтэйгээ хамгийн ойр ажиллаж байсан хүмүүс байна. Тэдний дотор дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа болон хорооны Засаг дарга, намын үүрийн даргаар ажилладаг хүмүүс бий. Нийтдээ Хан-Уул дүүргийн АН-ын гишүүн 18 хүн бий. Тэд нэр дэвших эрхгүй болсон учраас одоо бие дааж дэвшихээр болж байна. Яагаад гэхээр хуулийн хугацаа буюу наймдугаар сарын 29-ний дотор Дүүргийн намын хороо хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах ёстой байдаг. Гэтэл тэр хурал хэсэг бүлэг дарга нарын ойр дотныхон, нэг фракци бүлэглэлийнхний зохиосон жүжиг байдалтай болж өнгөрсөн. Уг нь манай намын эгэл жирийн гишүүд биднийг нэр дэвшихийг дэмжиж байгаа. Өөр хүмүүсийг нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж гарын үсгээ хүртэл цуглуулж байна. Гол нь цаашдаа дүүргийн намын хороогоо шинэчилж, цэвэрлэх хэрэгтэй гэдгийг ухамсарлаж “Хан-Уул дүүргийн АН-ын шинэчлэлийн хороо”-г байгуулаад байна. Бид АН-ын гишүүн сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Бид л намаа бусармаг бохир байдлаас нь салгахын төлөө тэмцэх, ажиллах ёстой. Манай хорооны зүгээс Сонгуулийн тойргийн хороонд дүүргийн АН-ын хурал хууль бус болсон гэдгийг мэдүүлж өргөдлөө өгөөд байна.

Ямартай ч 2008 оноос хойш тасралтгүй цэнхэртсэн Хан-Уул дүүргийн АН-ын хороо энэ удаа дотоодын асуудлаасаа болж орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцож мэдэхээр нөхцөл байдал бий болжээ. Шалтгааныг нь дахин сануулахад өнөөх л намаа ялагдалд хүргэсэн дотоодын зөрчил тэмцэл, ямар ч хамаагүй бусармаг аргаар эрх бүхий албан тушаалуудыг гар дороо байлгах гэсэн эрхтэн дархтнуудын санаархал.

Сэтгэгдэл үлдээх