Шар гэрэл дээрээ алдсан манай улстөрчид

О.Наранхүү 1,008 үзсэн1

Зүүн Азийн Япон, Солонгос улсууд болон Барууны орнууд, түүн дундаа АНУ-д улс төр судлал сайн хөгжиж үүнийгээ дагаад улстөрчдийн ёсзүй чамгүй өндөр байгааг бид жишээ болгон тэмдэглэдэг. Улстөрчдийн ёсзүй хэчнээн өндөр байдгийг хамгийн сүүлд л гэхэд Исландын Ерөнхий сайд Панамын оффшор дансны дуулианд холбогдож сайн дураараа огцорсноос харж болно. Улс орныг удирдаж, олон нийт, нийгмийг араасаа дагуулж явдгийн хувьд улстөрчид өндөр ёсзүйтэй байхыг хичээж, олны нүдэнд ил шахуу байдаг хувийн амьдралын хэвшилдээ анхаарч, ямар ч асуудлаар хэлж байгаа үгээ цэгнэж ухаалаг байдлыг урдаа барих ёстой. Тиймээс л өөрийгөө ирээдүйтэйд тооцдог, бусдаас ч тийм үнэлэлт авдаг гадны улстөрчид дэргэдээ бүхэл бүтэн баг ажиллуулдаг явдал манайд ч гэсэн бий. Гэхдээ багтай, баггүй тэр бол тухайн улстөрчийн биеэ авч явах соёл, тархины хэм хэмжээ шаардах асуудал тул өөрийнхөө рейтингийг ам хэлнээсээ болж унагаад байдаггүй, нэр төрөө хадгалаад явчихдаг, сонгогчдынхоо итгэлийг алддаггүй улстөрчид ч цөөнгүй бий.

Энэ тухай дурдахын шалтгаан нь манай яг одоогийн нөхцөлд улс төрд шинээр түрэн орж байгаа улстөрчдийн урсгал дундаас янз бүрийн мэдээлэл чих дэлсэж, олныг шуугиулах болсонтой холбоотой. Тухайлбал УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төдийлөн олны танил бус цөөнгүй улстөрчид парламентын танхимд суух болсон. Мөн Гүйцэтгэх засаглалд ч шинээр улс төрийн албан тушаал хашигсад олноороо өмнөх албан тушаалтнуудаа шахан орж ирж байна.

Ийнхүү улс төрийн талбарт шинээрээ шахуу байгаа нөхдийн хэн нь хэн болохыг ажиглагчид, улс төр сонирхогчид, олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс тэр бүр гүйцэд мэдэж амжихгүй байгаа ч эхнээсээ ам хэл, үг үйлдлээсээ болж тараа таниулагсад ч гарч ирж байгаа нь жам ёсных гэлтэй.

Нэг үеэ бодвол интернэт хэрэглэгчдийн ихэнх нь нийгмийн сүлжээг ашиглах болсонтой холбоотойгоор улстөрчдийн багахан алдаатай үйлдэл, үг рейтингд нь хүчтэй нөлөөлөх болсон. МАН Засгийн газраа эмхлэн байгуулж эхэлмэгц л сайд нар нь өөрсдийнхөө хэн болохыг таниулж эхлэв.

Жишээ татахад Эрүүл мэндийн сайд нь олонд таалагдахын тулд “өрөөнд нь өвчтөн үзүүлэх гээд ороод ирвэл дуртай үзэж өгнө” хэмээн хадуурах. Насаараа эмч байсан тул А.Цогцэцэг хэмээх сайд Эрүүл мэндийн салбар нь хүн үзэж эмчлэх л үүрэгтэй гэсэн ойлголтыг тархиндаа бат шингээж авсан нь буруугүй мэт. Харамсалтай нь сайд хүн өрөөндөө өвчтөнийг эмчлэх биш салбарынхаа бугширмал байдлыг эмчилж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг энэ хүн мэддэггүй нь харагдаж байна. Улс төрийн хүрээнээс бус, намын харьяаллыг харгалзалгүйгээр салбартаа мэргэшсэн, шинжээчийн түвшинд бэлтгэгдсэн технократын кабинетыг бүрдүүлнэ гэж тооцоод “Мэргэжлийн Засгийн газар” гэж хөөрцөглөөд байсных нь сул тал яг ингэж л илэрдэг. Сайн удирдагч, өндөр түвшинд бэлтгэгдсэн улстөрч биш эмч хүн учраас л иймэрхүү юм яриад технократуудын сул талыг гаргаад байгаа юм. (А.Цогцэцэг сайдыг салбартаа мэргэшсэн гэж үзвэл шүү дээ)

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат бол яруу найрагч хүн боловч улс төрд цөөнгүй хэдэн жилийг элээж байгаа. Гэвч яруу найрагчаар гал тогоогоо бариулж байгаа Засгийн газрыг технократын гэх үү, эсхүл меритократын гэх үү, судлаачдын хувьд онож нэрлэхэд багагүй хүндрэл учрах болно. Тиймдээ ч Гүйцэтгэх засаглал нь байрандаа хүүхдийн цэцэрлэг оруулж, сайд нар нь цэцэрлэг байгуулах ажлаа хөөцөлдөж явах жишээтэй. Тэгээд үүнийгээ парламентын танхимд тайлбарлахдаа Монголын нийгмийн нэг том асуудал болсон цэцэрлэгийн хүндрэлийг шийдчихсэн аятай ярьж, тэгээд ч зогсохгүй бүх улсын болоод хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байх юм.

Засгийн газар цэцэрлэг байгуулчихаад, үүнийгээ бусдад уриалдаг газар мөн үү. Хэрэв тийм бол Гүйцэтгэх засаглал гэсэн нэр томьёоноосоо татгалзах шаардлагатай мэт. Боловсролын сайд ч бас дутахгүй. Ж.Мөнхбатын сайхан санаачилгаас хоцорчих вий гэсэндээ хувийн цэцэрлэгүүдэд төрийн албаны хүүхдийг үнэгүй сургана гэх мэтийг ярьж байх юм. Хэлэх тайлбар ч олдохгүй нь гайхалтай.

Одоогоор бусад сайд, дэд сайд нар төдийлөн олны өмнө гарч элдвийг бурж амжаагүй байна. Харин парламентын танхимд бүр ч элгийн зүйлс олон болох шинжтэй. Сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өндөр сайхан сэнтий дээрээсээ ард иргэдээ бүсээ чангалж, хэмнэхийг уриалах зандрахын дундуур шаардав. Түүнийхээр бол монголчууд хэтэрхий тансаглаад, үрэлгэн байгаа бололтой. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч олон улсад гайхагдаж байсан үедээ ч ард нийтийн амьдрал сайнгүй байж, тансаглаад байгаагүйг хэн ч хэлнэ. Гэтэл Монголын тэргүүн баячуудын нэг хямралын үед чуулганы танхимд хэлд орохдоо ийм зүйл хэлж суугааг нь юу гэж тодорхойлох вэ?

Ихэд гайхал төрүүлж байгаа тул хэвлэлийн хуудсыг ухаж үзэв.

Лавтай Б.Дэлгэрсайхан Монгол орны уул уурхайн салбараас хагартлаа баяжиж өдий зэрэгт хүрсэн бөгөөд салбарынхаа олон магнатуудын нэг. Тухайлбал төмрийн магнат гэж тодорхойлоё. Түүний хувийн амьдралын сонин хачин, Арабын шах шиг баян тансаг амьдралыг шар хэвлэлүүдээр хангалттай бичсэн байна. Тиймдээ ч “Дорнын говь”-ийн, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан хэмээх нэрийг мэдэхгүй хүн байхгүй аж. Эцэст нь “АН-ын буянаар” энэ танхимд заларсан олон гишүүдийн нэг болсон. Хэдэн сарын өмнө дэлхий нийтийг төдийгүй Монголыг шуугиулсан Панамын оффшор дансны дуулианд мань эрхэм нэр холбогдоод авсан. Маш нууцын зэрэглэлтэй материалд Монгол Улсаас 46 иргэн оффшор данстай гэж гарсан ба тэдний дунд Б.Дэлгэрсайхан тууж явсан. Олон улстөрч оффшор дансаа үгүйсгэн яаран сандран мэдэгдэл хийсэн бөгөөд Б.Дэлгэрсайханыг тэгсэн эсэхийг лавлах ч хүсэл төрсөнгүй. Учир нь Монгол орны хэвлий дэх төмрийг хилийн чанадад гаргаад хагартлаа баяжсан, Монголын тэргүүн баячуудын нэгийг оффшор дансгүй байна гэвэл итгэх хүн олдохгүй мэт.

Ийм хүн сонгогч олны саналыг халаасалж их хуралд суучихаад эргээд та нар тансаглалаа боль гэж хашгираад байгаа нь доромжлол гэж үзэгсэд ч сошиалаар дүүрэн байгаад гайхах юм алга.

Америкийн улс төрд улстөрчийн арын алба буюу багийнхан нь улбар шар алдаа хэмээх зүйлийг гаргахгүй байхыг улстөрчдөө ихэд онцгойлон сануулдаг аж. Энэ нь шинээр парламентын гишүүн болсон, их улс төрд орж ирсэн эрхмүүдэд хамааралтай бөгөөд “orange mistake” гэдэг нь их улс төрд дөнгөж ногоон гэрлээр давхихын өмнөхөн буюу шар гэрэл асаж байхад үг хэл, үйлдлээ цэгнэж байх хэрэгтэйг сануулах буюу мөн энэ үедээ элдвийг чалчиж байгаад хамаг рейтингээ унагаж цаашдын замналаа алдах явдлыг тодорхойлдог байна.

Үүгээр зүйрлэвэл эрх баригчдын дунд шар гэрэл асаж байхад алдаа гаргаж байгаа улстөрчид олон гарах шинжтэй.

Сэтгэгдэл (1)

  1. fantastic put up, very informative. I wonder why the other specialists of this sector don’t realize this. You must continue your writing. I am confident, you’ve a great readers’ base already!

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх