Asia/Africa

Хятадууд Африкт цэргийн баазаа барьж эхлэв

Ш.Самбуу 13,601 үзсэн1

БНХАУ Зүүн Африкт анхны усан цэргийн баазаа барьж эхэлжээ. Бээжингийн геополитикийн амбиц үүгээр илэрч байна гэж гадаадын ажиглагчид үзэж байна. Тус улсын хувьд дэлхийн далайн гүрэн болон өөрийн өсч буй сонихлоо шаардлагатай үедээ цэргийн хүчээр хамгаалах эрмэлзлээр дүүрэн байна.

Энэ жилийн хоёрдугаар сараас Хятадын ажлын хэсгийн эхний хүмүүс Жибутид ажиллаж эхэлснийг ажиглагчид анзаарсан юм. Хятад улс тухайн үеэр өөрийн ирээдүйн усан цэргийн баазынхаа газрыг тэмдэглэн хашаагаа хатгажээ. Энэ бааз нь Африк дахь АНУ-ын “Кэмп Лемонье” хэмээх том баазаас дөнгөж 10 км-ийн зайтай.

Хятадын цэргийн хөлөг онгоцнууд үүнээс өмнө Зүүн Африкийн энэ жижиг улсад нэг биш удаа орж гарч байсан юм. Сомалийн эргийн энэ буланд тэд далайн дээрэмчдийн эсрэг эргүүл хийж байхдаа материаллаг хангамжаа тэндээс авч байсан аж.

Харин энэ удаа хятадууд тэнд үүрд үлдэхийн тулд очжээ. Тэд нийт 40 га талбайд анхны гадаад дахь усан цэргийн баазаа босгож байна. Энэхүү түүхэн алхам нь БНХАУ-ыг дэлхийн түвшний гүрэн болон хувирч, хөгжих ээлжит шат явагдаж эхэлснийг харууллаа хэмээн “The Wall Street Journal” сонинд бичжээ.

Ирэх жилийн сүүлчээр Хятадын тэнгисийн цэргийн бааз нь усан онгоцнуудын зогсоол, нисдэг тэрэгний талбай, зэр зэвсгийн агуулах зэрэгтэй болох аж. Гэхдээ Жибути дэх Хятадын баазад цэргийн томоохон хүчин байгуулах нь юу л бол. Хятадууд тэнд  цөөн тооны тэнгисийн явган цэрэг, тусгай ажиллагааны хүч байрлуулах байх.

Өнөөдөртөө энэ байгууламж дээр технологийн байрнууд, контейнерүүд ажиглагдаж байна. Одоогоор тэнд онгоцны нисэх зурвас байгуулахаар төлөвлөөгүй ажээ. Баазын түрээс нь 10 жилийн турш үргэлжлэх бөгөөд жилдээ 20 сая ам.долларын өртөгтэй байх аж. Хугацааг дахин 10 жилээр сунгах боломжтой гэнэ.

Францын колони байсан Жибути нь Африк, Арабын хойгийг тусгарласан Улаан тэнгисийн гарц Баб-эль-Мандебскийн хоолойд стратегийн чухал байрлалтай. Эндхийн хоолойн өргөн нь дөнгөж 20 миль бөгөөд өдөр бүр хоолойгоор дамжин 3.8 сая баррель түүхий нефть гаргадаг байна. Дэлхийн худалдааны ойролцоогоор 20 хувь, Хятадын нефтийн импортын тал хувь нь хөрш Аденийн булангаар дамжин өнгөрдөг. Жибути нь хөрш Этиоп зэрэг Африкийн зарим орнуудын далайд гарах худалдааны гарц. Эдгээр шалтгаанаар дөнгөж 23 мянган кв.км нутаг дэвсгэртэй, 900 мянган хүнтэй энэ жижиг улс арван хэдхэн жилийн дотор хэнд ч хэрэггүй байсан цөлийн нэг хэсгээс дэлхийн хүчирхэг орнуудын сонирхлын солбицлын төв болон хувирчээ.
Хятад энэ бүс нутагт эдийн засгийн ихээхэн сонирхолтой. Америкийн ажил хэрэгчдийн хүрэээлэнгийн мэдээлснээр, зарлагдаад байгаа Хятадын хөрөнгө оруулалт Өмнөд Суданы нефть байгалийн хийн салбарт 2.6 тэрбум, Иракт 16 тэрбум, Саудын Арабт 26 тэрбум ам.доллар болж байна. Харин БНХАУ-ын Африкийн улс орнуудад оруулж байгаа нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 40 тэрбум ам.доллар болж байгаа аж.

a3f52b45-e5a1-4fc0-9f00-81b30b4d2983.img

Хятадуудын хувьд Африкт санхүүжилт хийж, оронд нь авч байгаа байгалийн баялаг, түүхий эдээ Ази руу илгээхэд боомт хэрэгтэй. Жибути үүнд хамгийн тохиромжтой газар юм.

Өдгөө БНХАУ нь Жибутийн дэд бүтцэд хөрөнгө оруулж байна. Бээжингийн зүгээс тус улсын төмөр замыг хөгжүүлж, нийслэл дэх боомтыг нь өргөтгөж, байгалийн шахмал хийн үйлдвэр байгуулж байна. Мөн хоёр шинэ нисэх буудал, Засгийн газрын хэд хэдэн барилга байгууламжийг барьж байгаа аж. Шинэ цэргийн бааз нь эдгээр хөрөнгө оруулалтын нэмэлт даатгал нь болж буй.

Хятад улс 2008 онд өөрийн усан цэргийн онгоцнуудыг анх удаа далайн дээрэмчидтэй тэмцэх зорилгоор Адений буланд байрлуулжээ. 2013 оноос Бээжин хэдэн зуун энхийг сахиулагчийг Өмнөд Судан, Малид илгээсэн байна. Үүнээс гадна Хятад улс иргэний дайны улмаас 2011 онд Ливиэс 35 мянган иргэнээ, өнгөрсөн онд Йеменээс 600 мянган иргэнээ татаж авсан.

Тухайн үед Хятадын хөлөг онгоцнууд байрлах, материаллаг хангамж зэрэгт хүндрэл учирч байгааг Хятадын албаныхан олон удаа хэлж байлаа. Энэ үед Жибутид АНУ, Франц, тусгай зогсоолтой нь Хятадын атаархлыг төрүүлж байсан нь мэдээж. Бээжингийн хувьд энэхүү баазаа албан ёсоор АНУ-ын стилиэр байгуулна гээгүй, зүгээр л түүнийг “дэмжих төв” гэж нэрлэж байгаа аж. Гэхдээ Пентагоны шинжээчид ирэх 10-аад жилд Хятад өөр хэд хэдэн бааз байгуулна гэж дүгнэж байна. Дараагийн бааз нь Хятадын хөлөг онгоцнууд байнга орж гарч, цэргийнхэн амардаг Оман болох магадлалтай. Зарим шинжээчид үзэхдээ Сейшелийн арлууд ба Пакистаны Карачи хотод Хятадын бааз байгуулагдана гэдэг.

АНУ, Хятад хоёрын хооронд шинэ баазаас болж зарим нэг маргаан үүсч магадгүй юм. Жибути дэх АНУ-ын “Кэмп Лемонье” баазад 4000  цэрэг байрлаж, баазыг цэргийн хүчний шилжилт, мөн энэ бүсэд террористуудын эсрэг нисгэгчгүй нисэх онгоцны ажиллагаа явуулахад  ашигладаг. Америкийн бааз нь Жибутийн гол нисэх буудлын ойролцоо байрладаг ба АНУ-ын цэргийн нисэх хүчин тэр буудлын нисэх зурвасыг бас ашигладаг. Америкчууд Хятадын нисэх онгоцнууд нисгэгчгүй онгоцыг өөрсдийн ойролцоо нисгэхгүй байх сонирхолтой.

WSJ сонинд өгүүлснээр,  Жибутийн Гадаад хэргийн сайд Махмуд Али Юсуф өөрийн нутаг дэвсгэрт АНУ ба БНХАУ-ын тэнцвэрийг хангахаар амласан байна. Хятад ч энд АНУ-тай харилцаагаа хурцатгах хүсэлгүй байна. Өнөөдрийн байдлаар, дэлхийн хэд хэдэн улс үндэсний нутаг дэвсгэрээсээ гадна оронд цэргийн баазтай. Энд АНУ үг дуугүй лидер бөгөөд 42 оронд цэргийн баазтай. Үүнээс гадна Их Британи, Франц, Орос цэргийн баазтай аж.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to say I am very new to weblog and absolutely enjoyed you’re blog site. More than likely I’m likely to bookmark your website . You really have good well written articles. Regards for sharing your website page.

Сэтгэгдэл үлдээх