Editorial

Хууль зүйн сайдуудад дайх үг

З.Боргилмаа 435 үзсэн1

Хууль, журмыг сахиж мөрдүүлэх, хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагуудыг иргэд “хүчний байгууллага” хэмээн ойлгож, энэ нэр томьёог албан ёсны байдлаар хэрэглэж заншаад уджээ. Иргэд нь хууль сахиулагчдыг, тухайлбал, цагдааг чухам тийм ойлголтоор хүлээн зөвшөөрдөг, хэмждэг нийгмийн сэтгэл зүйн хөрсөн дээр Х.Тэмүүжин шинэчлэлийг эхлүүлэхээр шамдсан нь нэг талаас дэмжлэгийг хүлээж, нөгөө талаас эсэргүүцлийг бий болгож байлаа.

Нийгмийн тодорхой хэсгийнхний хүлээлтэд тэрбээр нийцэж, хууль сахиулагчдыг хүчний биш иргэний байгууллага болгохоос эхлээд хууль зүйн салбарыг шинэтгэх үйл явцыг нь үзэл санааны хувьд талархан дэмжсэн юм. Харин үүний цаана эрх ашиг нь хөндөгдөж болох тодорхой хэсэг, ялангуяа цагдаагийн албан тушаалтнууд шинэчлэлийн зарим алхмуудад дургүйцэж, үүнийгээ Х.Тэмүүжинг үгүйсгэх байдлаар илэрхийлж эхэлсэн.

Эцэст нь, Хууль зүйн сайд дээрээ цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж, “жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх” сэдэв олж, үүнийг нь бусад талууд чадмаг ашигласнаар нэг л өдөр Х.Тэмүүжин тус салбараас явахад хүрсэн. Х.Тэмүүжинг шинэчлэл хийж чадна гэсэн хүлээлтээс гадна олон нийтэд “Хууль зүйн сайдын хувийн амьдрал нь ч эмх цэгцтэй байх ёстой” гэсэн идиал бүрдээд байж. Тэгэхээр түүнд өөрт нь алдаа байсан хэрэг.

Харин дараа нь “Тэмүүжингүйгээр шинэчлэл үргэлжлэх болно” гэсэн найдвар дээр Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав томилогдсон юм. Хууль зүйн салбарыг шинэтгэгчээс хавьгүй өмнө нийгмийг шинэчилж явсан ардчилсан хүчний анхдагчдын нэг. Ардчилсан хүчний оролцоотой анхны Засгийн газар Д.Бямбасүрэнгийн танхимд Шадар сайд байж, цагийн хэцүүд улс орныг удирдалцаж явсан. Ардчилсан намын дарга байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед Улсын Ерөнхий Прокуророор ажиллаж байлаа. Нэг үгээр бол, Хууль зүйн сайдын тамгыг нэгээс нөгөөдөө дамжуулсан хоёр эрхэм хоёулаа нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Гэвч яг энэ мөчөөс эхлээд тэдний хооронд тэмцлийн хэт цахисан гэлтэй.

Д.Дорлигжавыг сайд болсны дараахан түүнтэй холбоотой авлигын хэргийн баримт нийтэд цацагдсан нь Х.Тэмүүжингийн “тарьсан” хэрэг болж таарсан. Үүний хариу болгох мэт Д.Дорлигжав өмнөх сайд хамаатнууддаа байр сууц олгосон гэх баримтыг яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаараа ил гаргуулсан. Олон нийтийн нүдэнд Хууль зүйн хоёр сайд яг л яс булаалдсан ноход шиг нэг нэг рүүгээ ярдаглан, хэрэлдэж байна.

Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа хилийн шалган нэвтрүүлэх албыг “хүчний” биш иргэний байгууллага байх ёстой гэж үзэн Хилийн цэргээс татаж, гадны нийтлэг жишгийн дагуу гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагт хамаарахаар бүтцийн өөрчлөлтийг хийсэн юм. Харин яг одоо Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэхүү өөрчлөлтийг буцааж өөрийн хамаарал дор буцаагаад Хилийн цэрэг рүү татах төслийг УИХ-д өргөн барьчихаад буй. Өнгөрсөн баасан гаригт энэхүү төслийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэлийн алхмууд зогсох нь зогсож, буцах нь буцаад дууслаа гэсэн үг. Үүнд тэрбээр бухимдалтай байна. Бухимдлаа гаргах гэж Д.Дорлигжавыг онилж байна.

Өмнөх, одоох хоёр сайдын хооронд энэчлэн бодлогын зөрүүгээс үүдэлтэй шөргөөцөлдөх шалтгаан байж болно. Гэхдээ төрийн залгамж чанар гэж байдаг бол хоёр сайд одоо ярдаглахаа болиод ярилцах цаг болсон биш үү?!

Хуульзүйн сайд гэдэг улс орны хэмжээнд, иргэн бүр мөрдөх учиртай хуулийг, хуулийн хэм хэмжээг тогтоож, сахиулдаг, өөрөө ч ёс зүй, хуулийг сахиж мөрддөг эмх цэгцтэй хүн байх ёстой. Хуульзүйн сайд салбараа шинэтгэхээс гадна нийгэм, нийтдээ үлгэр дууриал болох нь бас нэгэн үүрэг байх.

Сэтгэгдэл (1)

  1. As soon as I observed this website I went on reddit to share some of the love with them.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх