Hot Topic + Experts

Парламентын ордон ба Түлэнхийн төвийн дашин шог

Х.Хулан 1,800 үзсэн1

       Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд маань ноён Элчин сайдад 2006 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулан олгоно гэж байсан 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Бага зэрэг ёжилвол кувейтууд манайханд 12 сая ам.доллар олгоно гэж бүтэн арван жил цонхны цаанаас чихэр долоолгож байгаа. Харин цонхны наана сууж байгаа манайхан шилний гаднаас харагдах тэр чихрийг авахын төлөө арван жил “зодолдож” байгаа юм.

Түүх сөхвөл, энэ мөнгөөр баригдах парламентын ордны зураг бараг 2010 онд гарсан. Нэг тэрбум төгрөгийн өртөгтэй зураг төслийг Кувейтын талтай хамтарсан Монголын “Ти Эн Жи” болон Кувейтын “Дарашкүй инженеринг консалтинг” компаниуд хийсэн байдаг. Мөнгө өгөх тал“ хөрөнгөд санаа зоволтгүй” гээд хэлчихсэн болохоор энэ мэдээнд баярласан УИХ, Засгийн газар хөл хөөрцөг болж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2010 онд Төрийн ордны барилга “нурах аюултай” гэсэн дүгнэлт гаргаж, шинэ ордныг хаана барих вэ гэдэг асуудлыг өндөлзүүлсэн юм.

      Тухайн оны хавар УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж “Кувейтийн Засгийн газрын тусламжаар УИХ-д зориулсан 12 давхар тусгай ордон барина. Шавыг нь ирэх намар тавина. Шинэ ордныг Төрийн ордны арын цэцэрлэгт босгоно. УИХ-ын 76 гишүүнийг тус тусад нь нэгэн жигд өрөөтэй болгох хэрэгтэй. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөл ч сайжирна. Доошоо бас хоёр давхар байх юм. Дээрээ Германы Бундестаг шиг дугуй хэсэгтэй. Тэнд УИХ-ын чуулганы танхим байна. Иргэд чуулганы үйл ажиллагааг дээрээс харж байх юм” гэж ирээд тайлбарлаж байв. Хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийг “тайвшруулах” өнцгөөр их гоё тайлбарласан энэ мэдэгдэл нь харин популизм хийж, хувийн нэр хүндээ өсгөдөг улстөрчдийн хувьд бөөн олз болсон билээ. Тэд “Улаанбаатар хотын төвийн жижигхэн ногоон талбайг ч хамгаалах болно” гэж мэдэгдээд хүрз, жоотуу барьж аваад хөрс ухаж, мөнөөх цэцэрлэгт баахан мод тарьчихсан юмдаг. Тэд хэн байсан бэ гэдгийг олон хүн мэдэх хойно нэр дурдах нь илүүц биз. Шинэ ордны сураг ингээд нам жим болж байгаад 2014 онд дахин амилсан юм. Энэ оны өвөл УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар дээрх ордны талаар дахин шуугиантай ярилцлага өгөв. Ц.Шаравдоржийн үед 12 давхар байсан шинэ ордон 14 давхар болж өөрчлөгдсөн гэдгийг тэр мэдэгдсэн.

Зураг төсөл нь нэг тэрбумаар хийгдсэн барилгын өртөг 54 сая ам.доллар болно гэдгийг бас хэлсэн. Дээр нь тэр “Парламентын шинэ ордон бариулах талаар УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд парламентын ордныг одоогийн ордны ард талын цэцэрлэгт барина. Цэцэрлэгийн ар талын саадны гуравны нэг орчим зайд баригдана. Нийслэлийн холбогдох хүмүүстэй уулзахад саадны ихэнх хэсэг нь дахиж сэргэхээргүй хөгширсөн мод бут байгаа, мөн цэцэрлэгт тийм ч олон мод бут тариагүй гэх мэдээлэл авсан. Төрийн ордны баруун зүүн талын автомашины зогсоолыг ногоон байгууламж болгоно. Үүний доод талд 2-3 давхар автомашины зогсоол барихаар төлөвлөж байгаа. Ордны орчмын ногоон байгууламжийн хэмжээ хорогдохгүй, харин ч нэмэгдэнэ. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны шинэ барилгыг Төрийн ордны ар талд барих нь зүйтэй юм гэсэн чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн” гэж хэлсэн юм.

Ингээд мөнөөх барилгын сураг дахиад л усанд хаясан чулуу мэт сураг алдарч, залгаад эдийн засгийн хямрал эхэлж, юун ордон манатай болсон байх. Арабууд ч мөнгөө өгье гэж дуугарахаа байсан. Арван хоёр сая ам.долларын сураг сонсоод удаж байгаа манайхан мөнөөх мөнгийг яаж ийж байгаад салгах юмсан гэж бодоод л явсан байх. Өнгөрсөн хавар, тавдугаар сарын дундуур УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нэгэн чиглэл өгсөн нь “Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 11 сарын 17-ны өдрийн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг зурсны дагуу Кувейт Улсаас Монгол Улсад Парламентын шинэ ордон барихад зориулж олгохоор болсон 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эмнэлэг барихад зарцуулах тухай” асуудал байсан юм.

Кувейтийн тусламжийг нийгэмд чиглэсэн үйл хэрэгт зарцуулна гээд хэлчихвэл ард түмэнд илүү таалагдана. Үүнийгээ саналынх нь ард популимз нуугдаж, шийдвэрийнх нь ард хувийн сонирхол агуулагдаж явдаг дарга нар тун сайн мэднэ л дээ. Тэгээд ч энэ өдрүүдэд сонгуулийн халуурал эхэлж байв. Үүнээс хойш сарын дараа буюу зургаадугаар сарын 13-нд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа твиттер хуудсаараа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн ордон барих Кувейтийн буцалтгүй тусламжийн 12 сая ам.доллараас 12.2 тэрбумаар Ховд дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барихаар шийдвэрлэв” хэмээн жиргэж байсан юм. Манай дарга нар “өгнө өгнө” гээд л хэлчихсэн болохоос биш өгөөгүй, Монгол Улсын төсөвт орж ирээгүй Кувейтын тусламжийг алаагүй баавгайн арьсийг хувааж байгаа шиг ийн дур дураараа “зарцуулж” байв. Хөрөнгийн эзэн Кувейтууд харин үүнийг хараад шоолж суусан биз.

Түлэнхийн төв барих төсөв дөрвөн жилийн хугацаанд гурав дахин нэмэгдэж 26 тэрбумд хүрэв

Түлэнхийн төвийн барилга гэж манай дарга даамлуудын мөнгө завших сонирхол, хэл ам, хэрүүл тэмцэлд аалзны тор шиг л хэрүүлсэн газар нэг бий. Эрүүл мэндийн яам энэ эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барих тендер зарлаж, “Цаст констракшн” компанид гүйцэтгэлийн эрхийг өгсөн юм. 2015 оны намар эхэлсэн барилгад УИХ 2016 онд ердөө хоёр тэрбум төгрөг төсөвлөж өгсөн байдаг. Уг нь бол нийт зардал нь 26 тэрбум төгрөгт багтах гэнэ билээ. Түлэгдэж, хөлдөж гэмтсэн хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг энэ эмнэлгийн барилга хуучирч муудан хана таазнаасаа нурж, хөгц мөөгөнд идэгдэн өвчтөн хоног төөрүүлэх нь байтугай хүн тогтох аргагүй болсон тул 2012 оны зургаадугаар сард энэ эмнэлгийн барилгыг нурааж байсан түүхтэй.

Улсдаа ганц эмнэлгийн барилга удахгүй босчих байлгүй гэж олон хүн найдаж, баярлаад үлдсэн. Харин хөөрхий эмнэлгийнхэн байраа суллаж өгөөд нэг хэсэг нь Гэмтлийн эмнэлэг рүү нөгөө хэсэг нь Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн тойргийн хойно орших “Мөнгөнгүүр” хувийн эмнэлгийг түрээслэн толгой хоргодож эхэлсэн юм. Эмнэлэг түрээсийн байранд сард 30 сая төгрөг, жилд 360 сая төгрөг өгч байгаа. Дөрвөн жилд улсын төсвөөс түрээсийн мөнгөнд нэг тэрбум 140 сая төгрөг яваад өгчээ. Гэвч эмнэлэг бостлоо удах шинжтэй байна. Гайхалтай нь эмнэлгийг барих гэсээр байтал юмны үнэ өсөж, барилгын зардал нэмэгдэж байгаа бол шуналтай нөхөд хотын “А” зэрэглэлийн газарт байрлах эмнэлгийн газраас “дээрэмдсэн” баримт бас байх юм.

Энэ талаар ГССҮТ-ийн даргын албыг хашиж асан Л.Жамбалжав 2014 онд ийм нэг ярилцлага өгсөн байдаг. Тэр Түлэнхийн төв эмнэлэг 2002 онд 16400 ам.метр талбайн зөвшөөрөлтэй байсан. Одоо талбайн хэмжээ нь багассаар 7339 ам.метр болсон. Яагаад гэвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд эмнэлгийн 930 ам метр газрыг “Саммит медикал” ХХК-д барилга барих зөвшөөрөлтэйгөөр олгосон. Гэвч энэ компани мөнөөх газар дээрээ орон сууц барьж байгаа. Мөн 4024 ам.метр талбайг 2011 онд “Алтайн тулга” компанид өгсөн талаар мэдээлж байв. 2012 онд 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр барина гэж тооцож байсан энэ эмнэлгийн өртөг 2014 онд 21 тэрбум төгрөг болж өссөн бол 2016 оны тухайд 26 тэрбумаар яригдаж байна.

Арабуудын амласан мөнгөөр шийднэ хэмээж буй хоёр барилга хоёул ийм адал явдал, дуулианыг дагуулсан байх юм. Аль алиныг нь барих эдийн засгийн боломж Монголын төрд байсан уу гэвэл байсан. Гэвч барих сонирхол байсангүй. Ардуур нь ашиг сонирхлоо гүйлгэж, газрыг нь хувааж, төсвөөс нь зулгааж, тэрбумтан болох сонирхолтой хүмүүс олон байсан нь барилгын ажлыг гацаасан гэвэл үнэнд ойрхон байх болов уу. Авлигад идэгдсэн Монголын төрийнхөн анх өмч хувьчлалаар “идэж” баяжиж байсан бол дараа нь төсвийн хөрөнгөөс “тендер” нэрээр ажил авч хэтэвчээ зузаалах болсон. Харин одоо төсөл хөтөлбөрөөс од шүүрцгээж байгаа. Авлигын хэд хэдэн шатыг амжилттай хэрэгжүүлж байгаа улстөрчид Арабуудын мөнгийг дахин хэдэн ч төсөлд хуваарилж, хувиргахыг хэн ч үл мэднэ.

Сэтгэгдэл (1)

  1. Keep functioning ,splendid job!

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх