Hot Topic + Experts

С.Ганбаатар дипломтой улстөрч болохоор алсыг зорино

О.Наранхүү 987 үзсэн9

2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам нэг улстөрчид ихэд талархах ёстой ч төдийлөн хайхрахгүй байгаа бололтой. Тэгээд л мань эр Атлантын далай гатлан эрдэм өвөртлөхөөр болсон гэнэ шүү. УИХ-ын ганц босоо гишүүн байсан, өнгөрсөн дөрвөн жилд рейтингээрээ тэргүүлж явааг нь судалгааны байгууллагууд уралдан мэдээлж асан С.Ганбаатар холын Америкт эдийн засгийн сургуульд сурахаар болсон тухай эх сурвалжийн мэдээлэл улс төрийн хүрээнийхний сонорт орж байна.

Судалгааны байгууллагууд худал залав уу, эсвэл монголчууд үнэхээр барьцгүй, итгэл үнэмшил багатай хүмүүс үү лав л улс төрд рейтинг гэдэг зүйл хий хоосон нэр төдий болохыг С.Ганбаатарын өнгөрсөн сонгуульд хэрхэн оролцсон дүн бидэнд харуулсан. МАН яагаад С.Ганбаатарт баярлах хэрэгтэйг одоо тайлбарлаж өгье. Өнгөрсөн жилүүдэд ХҮН гэж улс төрийн шинэ хүчин монголчуудын анхааралд орж, улс төр эдийн засгийн бүлэглэлүүд дамжин үүрлэсэн гэгдэх АН, МАН-аас өөр ганц сонголт болж магадгүй нь, ганц хүний нүдний харцаар хөдөлдөг МАХН-аас дээр, шинэ үеийн залуусыг улс төрд гаргая гэхчлэн чамгүй л ярианы сэдэв болж байсан. Харин С.Ганбаатар лидер нь болж очсоноос хойш энэ нам өөдлөхөө байсан. Нөгөө талаараа амар хялбар арга замаар буюу улс төрд орж ах нарын шийрийг хатааж, төр сандайлах гэсэн овлигогүй хэдэн залуусын нүүр царайг илчилж өгсөн юм.

С.Ганбаатар ч Н.Энхбаяр шиг өөрийн гэсэн намтай боллоо хэмээн таатай байсныг түүний хэвлэлд өгсөн ярилцлагууд, хийж байсан үйлдлүүд нотолдог. Ингээд намын шинэ даргаасаа болж санасан нь хүсэл нь талаар тарж эхэлсэн ХҮН-ын удирдлагад шургалсан хэсэг нөхөд тэвчихээ байж намаа хоёр хувааж олны нүдэн дээр тамга тэмдэг, албан тушаалын төлөө хөлөө жийлцэж эхэлсэн нь саяхан мэт.

ХҮН-ын удирдлагад шургалсан нөхдийн жинхэнэ нүүр царай ийн С.Ганбаатар гишүүний ачаар олонд танигдсанаар магадгүй сонгуулийн үр дүнд чамгүй жин дарж мэдэх байсан энэ нам МАХН шиг ядаж ганц суудал ч авчихаж чадаагүй юм. Лав л байгуулагдсан зорилгыг нь дөрвөн жил тааж ядан байсан олны санааг амрааж аль ч намынх нь саналыг хувааж чадаагүй. Ингэснээр ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ бусдаас түрүүнд ганцаараа зарлаад байсан босоо гишүүн маань дипломтой улстөрч хэмээн нүүр бардам цоллогдохоор холыг зорих гэж байгаа бололтой. Түүний нас залуу, нэгэн цагт Ц.Элбэгдорж Америкт сургууль төгсөж ирээд Ерөнхий сайд болж л байсан, тэгээд ч ялагдсан намын улстөрчид харьд номын мөр хөөж, эрдмийн цол зэргээ нэмэхээр хилийн дээс давдаг моод нэгэнт тогтсон тул С.Ганбаатарт алдах юм байхгүй.

Дипломгүй улстөрч хэмээн ихэд шуугиулж байсан нь мань эрд тун ч эмзэг туссан бололтой.

Сэтгэгдэл үлдээх