Post

Засгийн газар бүтэл муутай төслөө хааш нь чирэх бол?

Х.Хулан 3,036 үзсэн12

      Үе үеийн Засгийн газрын толгойны өвчин болоод байгаа өмнийн говьд баригдаж буй 267 км төмөр замын хувь заяа хэрхэх вэ. Энэ асуулт өнөөдөр эдийн засгийн хувьд ихээхэн хүнд байгаа монголчуудын анхаарлыг татаж байна. Өмнийн говийн болон стратегийн чухал ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа шинээр төмөр зам тавих ёстой. Ингэж байж Зүүн хойд Ази БНСУ, Япон, Хятадын том зах зээлд, цаашлаад хөгшин Европт хөл тавьж, бүс нутагтаа нөлөөгөө тогтооно хэмээн том мөрөөдөж асан төмөр зам яригдаж эхэлсэн 2008 оноос хойш найм дахь намартайгаа нүүр тулав.

Анх яригдаж байсан хэвтээ тэнхлэгийн 1800 км замын сүр хүчтэй рекламны нэр хүнд шалдаа унаж зөвхөн Өмнөговийн Цогтцэций суман дахь Ухаахудагийн нүүрсний орд газраас Гашуунсухайтын чиглэлд барих 267 км замын суурь бүтэц дээрээ монголчууд тээглэж унаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацжээ.

      Судлаж байна, барихаар боллоо, тууз хайчиллаа, ажил эхэллээ, бариулах ажлыг зогсоолоо, улс төр орчихлоо, мөнгө хөрөнгийг нь идэж уугаад дуусчээ гэсэн дуулиан л сонсогдоод байсан болохоос энэ төмөр замын явц, бүтээн байгуулалт ийм хэмжээнд явагдаж байна гэдгийг нотлох баримтууд хэвлэлээр нэг ч удаа цухуйсангүй. Өнгөрсөн жилүүдэд сав л хийвэл хэвлэлийнхнийг бөөн бөөнөөр нь дагуулж, хийж бүтээснээ гайхуулж, бараг бүгдийг миний хийсэн ажил, миний гавьяа хэмээн өмчилж асан том дарга нар Ухаахудагийн нүүрсний орд газраас Гашуунсухайтын чиглэлд барьж байгаа төмөр зам руу нэг ч удаа зүглээгүй.

Яг одоо түрүүчийн Засгийн газар төрийн сан хөмрөгийг юу ч үгүй хоослоод уутных нь ёроолыг гөвчихөөд явсан тухай мэдээлэл ид яригдаж байна. Хулгайн эзэн хуучин эрх баригчид “та нар ийм мэдээллийг ил болгох ёсгүй, олон улсын тавцанд Монголын нэр хүнд унана” гэж ирээд тайлбарлаж эхлэв. Яагаад үнэнийг нуух ёстой гэж. Бүх юмыг нууцлах ёстой гэж үздэг ч хувийнхаа ашиг сонирхлоос болоод бүгдийг илчилчихдэг улстөрчид өөрсдийнхөө фактыг улсын сангийн улайссан авдарт хийгээд хэдэн жилээр ч хамаагүй хав дарахыг хүссэн юм болов уу. Ямартаа ч ийм хэрүүл зарга шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг дахин сануулж эхэллээ. Хэн барих нь чухал биш, энэ гарц монголын эдийн засагт гарцаагүй нэмэр болох юм. Төмөр замын чухлыг, эдийн засагт хэрэгтэй эсэхийг найман жилийн хэрүүл хүмүүст хангалттай ойлгуулсан учраас гялайж гялтайх юмгүй нам гацсан төмөр замыг урагшлуулах үүрэг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ногдоод байна. Харин тэдний танхим бүтэл муутай төслийг хааш нь чирэх бол.

     Монгол Улсын нүүрсний экспорт 2015 он гэхэд 45 сая тоннд хүрнэ. Үүний 20 сая тонн нь коксжих нүүрс байна гэсэн үнэлгээг Дэлхийн банк хийсэн. Түүнчлэн зэс, төмрийн хүдэр, газрын тос болон уран зэрэг түүхий эд экспортлох, эрчимтэй хөгжиж буй уул уурхайд ашиглах машин тоног төхөөрөмж, барилгын материалаа төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлт арван жилийн дотор 100 сая тонныг давна гэж үзэж байсан. Энэ тооцоо төмөр замын төслийг сонирхогчдын хорхойг гозолзуулж байсан бол өнөөдөр айдсыг нь төрүүлдэг болсон байх. Манайхныг 1800 км байтугай ердөө ганцхан чиглэлийн 267 км төмөр замаа босгож чадахгүй найман жил хэрэлдэх зуур хоёр хөрш хэд, хэдэн чиглэлээр төмөр замын гарц нээж Ази, Европыг холбоод байгаа. Энэ бүтээн байгуулалт нь Европ, Азийг холбосон гол гарц дээр амьдардаг хэмээн хоосон “хөөсөрч” ирсэн монголчуудын мөрөөдлийг тас цохисон хэрэг юм. Харин манай дарга нар ярихаас цаашгүй гэдгээ хоёр хөршдөө төдийгүй дэлхийд харуулчихаад байгаа. Одоо тэд наашаа харж ойлгосон дүр эсгээд цаашаа харахдаа шоолон инээдэг байх.

      Үнэн хэрэгтээ Монгол Улс БНХАУ хамгийн хөгжилтэй төв болон зүүн өмнөд хэсгүүдийг ОХУ болон Европын Холбоотой холбосон хамгийн дөт замд оршдог уу гэвэл тийм. Гэвч монголчуудын улс төржилт, шийдвэр гаргачдын шуналаас айсан хөршүүд болон бусад орнууд транзит тээврийн асуудлыг бидэнгүйгээр шийдчихээд байгаа. Түүний нэг нь “Торгоны шинэ зам” хөтөлбөр. XIII зуун, Чингис хааны байлдан дагуулалтын үед жим нь эхэлсэн түүхэн ач холбогдол бүхий замын сүлжээг сэргээхийн тулд “Баруун Европ-Баруун Хятад” нэрээр хэрэгжсэн, БНХАУ-ын Европтой хийх худалдааг улам өргөжүүлэх зорилгоор Хятадын удирдагч Си Зинь Пин санаачилсан энэ төсөл, энэхүү бүтээн байгуулалт 2016 онд ашиглалтад орно. Төслийн хүрээнд 8445км урт “Евро-Азийн авто зам” байгуулж эхэлсэн ба Казахстаны хил дагуу 2787 км үргэлжилж буй. Мөн Казахстан Каспийн тэнгис хүртэл төмөр зам тавьсан бөгөөд Хятадын Лянь юүн ган гармаас эх авсан эх замаар мянга, мянган чингэлэг ачаа Казахстанаар дамжин Европын орнууд руу нэвтэрч байна. Хятад, Казакстан хоёр улсын ачаа тээврийн хамтын ажиллагаа гүнзгийрч тээврийн хэмжээ жилд 20 сая чингэлэгт хүрнэ хэмээн хоёр улс үздэг.

Үүнээс гадна Хятад, Казахстан, Оросын арав гаруй хотыг дайран өнгөрөх 7.5 тэрбум долларын өртөгтэй замын төсөл бий. Дэлхийн банк энэ төслийн санжүүжилт болгон Казахстанд хоёр тэрбум долларыг олгосон байдаг. Үүгээр Кызылордины хэсгээс Актюбин муж, Чимкет хүртэл 1000км автозам барьж дуусгах юм. Зам цааш үргэлжилж ОХУ-ын Оренбург, Казань, Санкт-Петрбург хотуудыг дайрна. 2008 оноос эхлэн яригдаж ОХУ, Казахстаны хил орчмын нутгийн таван удаагийн форумын үеэр гарын үсгүүд зурагдсанаар хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Өмнөд хөрш дундад Азийн Казакстан, Таджикстан, Киргизстан зэрэг оронд ашигт малтмалын олон тооны орд эзэмшдэг бөгөөд энэхүү шинэ Торгоны замыг сэргээснээр ашигт малтмалыг өөрийн нутаг руу татах, боловсруулаад буцааж тээвэрлэн Европын орнууд руу гаргах боломжийг бүрдүүлэх юм.

     Энэ бол автозам, төмөр замын сүлжээтэй огтхон ч хамаагүй гэж бодож болохгүй байх. Төмөр замын тухайд хөршүүд Баруун Европ-Хятад,Солонгосын хойг-Японы чиглэл-Орос, Казахстанаар дамжих Төмөр замын хойд коридор (ТАЖМ-Трансазийн төмөр зам), Зүүн өмнөд Европ-Хятад болон Зүүн-өмнөд Азиийн чиглэл-Турк, Иран, Дундад Азийн орнуудаар дамжих Төмөр замын өмнөд коридор (ТАЖМ-Трансазийн төмөр зам) болон зүүн Европ-Дундад Азийн чиглэл-Хар тэнгис, Кавказын нуруу болон Каспийн тэнгисээр дамжих TРACEКA, Умард Европ-Персийн булангийн орнуудын чиглэл-Орос, Иран Казахстанаар дамжих Хойд-Урд коридор болон бусад сүлжээгээр холбогдох боллоо.

Владивосток хотод 2012 оны есдүгээр сард болсон Ази-Номхон далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны уулзалтын үеэр ОХУ нь Зүүн-Өмнөд Ази-Европыг холбосон “хуурай газрын гүүр” болох стратегийн том зорилт дэвшүүлсэн. Мөн Оросын төмөр замын 2030 он хүртэлх хөгжлийн стратегид Транссибирийн төмөр замыг зөвхөн зорчигч болон чингэлэг тээвэрт ашиглахаар тусгагдсан байгаа. БНХАУ-ОХУ хороонд гурав дахь төмөр замын гарцтай болгох асуудал ажил хэрэг болоод явж байна. Үүнээс гадна Биробиджан-Тунжиан хооронд 2.2 км гүүр барих ажлыг 2013 онд эхлүүлсэн. Энэ бүх баримт манай дарга нарыг “Зүүн хойд Ази БНСУ, Япон, Хятадын том зах зээлд, цаашлаад хөгшин Европт хөл тавьж, бүс нутагтаа нөлөөгөө тогтооно” хэмээн хийрхдэг сэрүүн зүүднээсээ яаралтай салахыг сануулж байна. Одоо хоосон ярьж хийрхдэг цаг биш. Бас төсвийн татвар төлөгчдийн мөнгийг хулгайлдаг цаг ч биш. Хоосон хөөсөрч, хоосон мөрөөдөж хөршүүдийнхээ доог тохуу болох цаг ч биш. Харин энэ талаар шинэ эрх баригчид юу бодож байгаа бол.

Сэтгэгдэл үлдээх