Post

Ипотекийн зээлийг МАН зогсоож зүрхлэхгүй

О.Наранхүү 2,109 үзсэн9

Ардчилсан нам засаглаж байх үед наймаас таван хувьд хүрсэн хүүтэй ипотекийн зээлийн ач буянаар 80 мянга орчим өрх орон сууцтай болж гал голомтоо бадраажээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд бүх цаг үеийн Засгийн газруудын хийж чадаагүй орон сууцжуулах их ажлыг МАН-ын Засгийн газрын үед зогсоох сураг чимээ гарч эхлэв. Сүүлийн үед хэвлэлүүдээр ипотекийн зээлийг зогсоох уу үгүй юу гэсэн асуулт эрсэн мэдээллүүд цацагдаж эхэлснийг дурдаж байгаа хэрэг.

Магадгүй энэ нь эдийн засгийн талаар тааруухан мэдлэгтэй хэрнээ хэвлэлд юу ч гээд бурж мэдэх шинэхэн гишүүдийн тарьсан сенсаци ч байж мэдэх. Тэд л манай нам эдийн засгийн хямралыг зогсоохын тулд Ардчилсан намын хэрэгжүүлсэн эрсдэл дагуулсан ипотекийн зээлийг зогсооно гээд хэлчихсэн бололтой. Ингээд л эрх баригчдын үг амнаас аманд түгсээр иргэдийн сэтгэлийг зовниож, хүлээлтэд унагажээ.

Ядаж байхад долларын ханш амаа авч хадуурсан морь мэт өссөөр, Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж нэг ч үүрэг даалгавар өгсөнгүй хэвээр л байна. Байдал хүндэрч байгаа үед төсвийн тодотгол хийх хүртэл хүүхдийн мөнгөө ч тавих бололцоогүй болсон, цаашлаад ипотекийн зээлийг зогсооно, намраас Олон улсын валютын сангийн Стэнд бай (stand by) хөтөлбөрт хамрагдана гэх зэрэг мэдээллүүд шил шилээ даран гарсаар байхад эрх баригчдын зүгээс хариу алга.

Үнэхээр ипотекийн зээл үнэхээр хямралыг хөөргөдөж, эдийн засгийг улам дордуулах аюултай юу? Ж.Эрдэнэбатын Засгийн газар ипотекийн найм, таван хувийн хүүтэй зээлийг зогсоох уу?

Энэ асуултуудад үгүй гэсэн хариулт өгмөөр байна. Хэдийгээр МАН-ын мөрийн хөтөлбөрт ипотектэй холбоотой үг үсэг ховор боловч олон гэр бүл зорилгоо болгоод зүтгэж яваа ипотекийн зээлийг эрсдэлтэй гэж үзэн зогсоож рейтингээ унагаж зүрхлэхгүй.

Ипотекийн зээлийг зөв тооцоолоогүйгээс болж эдийн засгийн хямралд хүргэж байсан олон жишээ дэлхийд бий. Ийм л жишгээс болж эдийн засгийн өндөр эрсдэл дагуулна гэх айдсыг эрх баригчид авсан байж болох. Тухайлбал АНУ-д 1930-аад оноос хойш ипотекийн хямрал гурав, дөрвөн удаа тохиосны сүүлийнх нь 2007 онд эхэлж ихэнх ажиглагчид 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын гол шалтгаан болсон гэж тайлбарладаг ажээ.

Хямрал найдваргүй, стандарт бус хэтийдсэн их зээлээс үүдэлтэй. Хэтэрхий уян хатан, зөөлөн гэмээр зээлийн бодлогын үр дүнд Америкийн банкууд зээлийн түүх муутай, зээлийн хэргээр шүүхэд дуудагдсан, хөрөнгөө хураалгаж байсан, эсвэл дампуурч байсан хүмүүст зээл олгосоор байжээ. 2002 онд ийм зээлийн хэмжээ нийт зээлийн дөнгөж зургаан хувийг эзэлж байсан бол 2006 онд 20 хувьд хүрсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт ийн идэвхжсэнээс үнийн хөөс тэнгэрт тулав. Үүний зэрэгцээ үнэ нь хоёр дахин өссөн орон сууцаа америкчууд үнэтэй дээр нь барьцаанд тавьж банкнаас зээл авах нь борооны дараах мөөг мэт олширсон байна. Ингээд нийгэмд иргэдийн гар дээрх бэлэн мөнгө ихсэж үүнийг дагаад эрэлтийн гаралтай инфляцийг хөөргөджээ.

Эцэст нь 2007 онд үнийн хөөс хагарч, орон сууцны үнэ унаж зээлдэгчид үй олноороо зээлээ төлж чадахгүй байдалд хүрч үл хөдлөхийн компаниуд дампууран, банкны системийг ганхуулсан юм. Дагаад дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл бүхий улсад хөрөнгө оруулалт хийсэн гадны банкууд ч хямралд өртөж, Европын улсууд руу даамжран нүүрлэсэн.

Эндээс ипотекийн зээл хоёр талт нөлөө нийгэмд үзүүлдэг болохыг ажиглаж болно. Харин манай улсын өнөөгийн нөхцөлд ипотекийн зээл ашиг тусаа өгч байгааг үгүйсгэж болохгүй. Халамжийн бодлогоос шалтгаалаад баруун солгойгүй мөнгө тарааснаас иргэдийн гар дээрх их хэмжээний бэлэн мөнгө баар, ресторан, үйлчилгээний байгууллагыг цэцэглүүлж байсан жилүүд МАН-ын засаглалын үеийнх. Тэр үед инфляци 20-30 хувь хүрдэг байсан бол одоо иргэд зээлээ төлөөд үлдсэнээрээ амьжиргаагаа залгуулж байгаа энэ үед инфляци нэг хувьтай болчихоод байгаа нь зах зээлийн жам. Орон сууцны үнийн хөөс ч аажмаар хагарах тийшээгээ хандаж байна. Бүр хагалж бодит үнийг иргэдийн өмнө авчрахын тулд борлогдоогүй үлдсэн 30 мянган орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдийн засагт том түгжээ болсон барилгын салбарын гацааг арилгахын тулд ипотекийн зээлийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгох хэмжээний эдийн засагчид Ж.Эрдэнэбатын Засгийн газарт эрхбиш байгаа болов уу. Тэгээд ч Монгол Улсын мөнгө, санхүүгийн салбарыг атгалаа гэгдээд байгаа “Увсын фракц”-д багтах Сангийн сайд Б.Чойжилсүрэн барилгын салбараас л өнөөдрийн эрх мэдэлдээ хүрээд байгаа нэгэн. Тиймээс Сангийн сайд маань өөрийн хөрөнгө, мөнгөний эх үүсвэр болсон салбараа бодсон ч, цаашлаад совесть гаргаж энэ салбартаа ажилладаг олон мянган ажиллагсдыг бодсон ч ипотекийг зогсоох хэмжээнд байдал тулж очихгүй биз ээ.

Сэтгэгдэл үлдээх