Take action

Эрдоган үлдэж, Туркт иргэний дайн дэгдэх үү

Э.Мөнхзаяа 12,935 үзсэн1

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улс цэргийн болон төрийн 6000 орчим албан хаагчаа баривчлан саатуулж, Засгийн газрын хүчнийхэнтэй хийсэн мөргөлдөөнөөр 200 гаруй хүн амиа алджээ.

Гюлен гэж хэн бэ

Туркийн тэргүүний мэдэгдсэнээр төрийн эргэлт хийх санаачилгыг гаргасан гол хүн бол лалын номлогч, 74 настай Фетхуллах Гюлен гэнэ. Цагтаа Эрдоганы гол холбоотон, Туркийн хамгийн нөлөө бүхий хоёр дахь хүн хэмээгдэж байсан ч авлига авсан, нэр хүндээ ашигласан хэргээр буруутгагдаж, Ерөнхийлөгчтэйгөө эв түнжин хагарсан тэрээр өдгөө Америкийн Пенсильвани мужид цагаачилж амьдарч байгаа юм.

Яг одоогийн байдлаар Стамбулд Эрдоганы талынхан төрийн эргэлт хийхийг оролдсон хүмүүсийг олны өмнө зодож, зарим нь бослого дэгдээгчдийг цаазлахыг шаардаж байгаа аж. Харин Эрдоган Стамбулд жагсагчдын өмнө гарч ирэхдээ тус улсад хориглосон цаазын ялыг сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“Ард түмэн Сирид болсон үйл явдал дахин давтагдах вий хэмээн эмээсэндээ ийнхүү Эрдоганыг дэмжиж байгаа хэрэг. Хэрвээ Ерөнхийлөгчийг суудлаас унагах юм бол улс оронд дайн дэгдэнэ. Харин бослого дэгдээгчдийг дэмжигчид хилс хэрэгт гүтгэгдэхээс айж, олны өмнө гарч ирэхгүйг хичээж байна. Учир нь төр засгийнхан энэ дуулианыг далимдуулан зөвхөн төрийн эргэлт хийхийг оролдсон хүмүүсийг бус, өөрсдөд нь таагүй ханддаг хүмүүсийг ч баривчилж байна” хэмээн Давидюк мэдэгджээ.

Туркийн төрийн эргэлт яагаад бүтэлгүйтэв

Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого Туркт нэг бус удаа тохиож байгаа юм. 1923 онд Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсанаас хойш цэргийнхэн 1960, 1971, 1980, 1997 онуудад нийтдээ дөрвөн удаа засгийн эрхийг булаах оролдлого хийж байсан. Оролдлого тухай бүртээ бүтэлгүйтэж байсан түүхтэй. Нэг өнцгөөс харахад цэргийнхэн төрийн эргэлтэд дутуу бэлтгэсэн байж болох ч нөгөө талаас үзвэл энэ нь Ерөнхийлөгч Эрдоган өөрийг нь улс төрийн хувьд эсэргүүцдэг хүмүүсийг бөөнөөр нь баривчлахын тулд зориудаар бэлтгэсэн жүжиг байж болох талтай.

Олон улс судлаач, шинжээч Андрей Бузаров “Туркийн Ерөнхийлөгчийн эсрэг цэргийнхэн дунд үймээн самуун нэмэгдэж эхэлсэн. Үүнийг ч Ерөнхийлөгч өөрөө мэдэж байсан. Тиймээс түрүүлж тоглохоор шийдсэн. Эрдоган цэргийн эргэлтийг өөрөө дарж, дайснуудаа баривчилна гэдгээ тооцоолсон учраас зориудаар ийм өдөөн хатгалга хийсэн. Үүнээс гадна сөрөг хүчнийхэнд нь Сирийнх шиг гадны ямар нэгэн дэмжлэг байгаагүй. Сирид Ерөнхийлөгч Асадыг эсэргүүцэгчдийг барууныхан дэмжиж байсан. Туркт сөрөг хүчнийхнийг нь хэн ч мэдэхгүй. Харин ч барууныхан Эрдоганы талд байсан” гэжээ.

Төрийн эргэлт хийх цаад шалтгаан, Туркийн тогтвортой байдал алдагдсан нь бүхэлдээ дотоодынхон Эрдоганы авторитар засаглалд дургүйцсэнтэй холбоотой. Эрдоганы хувьд өмнө нь 10 жил Ерөнхий сайдаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс тус улсын Ерөнхийлөгч болсон юм. Бузаров “Сүүлийн 10 жилд Туркт ардчилал үндсэндээ өөрчлөгдсөн. Плюрализм, үг хэлэх эрх чөлөө, төрийн болон шашны зааг гэх мэт. Эрдоган энэ бүгдийг орвонгоор нь өөрчилсөн. Харин гадаад бодлогодоо тэрбээр бараг бүгдтэй муудалцаж, мэтгэлцдэг байсан” хэмээн тайлбарлажээ. Америк, Украины шинжээч Майкл Виллард “Туркийн Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөг боомилж, сөрөг хүчнийхнийг шоронд суулгаж, Ататюркийн мөрдөж байсан төр, шашны зааг ялгааг арилгасан” хэмээн нэмж мэдэгдсэн байна.

Турк улс цаашид хэрхэх вэ

Төрийн эргэлт хийх оролдлогоос хойш үйл явдал дараах байдлаар өрнөх төлөвтэй.

“Нэгдүгээрт, Эрдоганы засаг захиргаа хүчирхэгжиж, улс оронд хилс хэрэг улам хүчээ авна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч дүгнэлт хийгээд, дотоод болон гадаадын дайснууддаа хорсол төрүүлэхгүйн тулд засгийн эрхээсээ бууна. Түүнд гадаад, дотоодын дайсан өчнөөн бий. Гуравдугаарт, Эрдоган үлдсэн ч Турк улс нийгмийн хүнд хэцүү үетэй тулгарах тул иргэний дайн дэгдэнэ” хэмээн Бузаров урьдчилан таамаглаж байна.
Харин улс төр судлаач Ольжас Бибановын үзэж буйгаар Турк улс Ерөнхийлөгчөө өөрчилснөөр илүү хожих гэнэ. Тэрбээр “Армид үргэлж улс орны элитүүд байсан. Тэр хэрээрээ төрийн баталгаа болж байлаа. Өдгөө Туркт болж буй үйл явдал, цэргүүдийг дур зоргоороо шүүж буй асуудал нь жинхэнэ шившиг юм. Цэргийнхний гаргасан үйлдэл Эрдоганы бодлого уналтад орсныг илэрхийлж байна. Эрдоган ч турк гаралтнуудтайгаа нэгдэж, нягтрахын оронд арабуудтай тоглолт хийж, улс орон дотроо өөр үзэл бодлыг шахаж байна. Туркийн ашиг сонирхлын төлөө түүний байр суурин дээр илүү дээр улстөрч гарч ирнэ гэж бодож байна” гэж мэдэгджээ.

Тэгвэл араб судлаач, шинжээч Даниил Вишневский засгийг өөрчлөх нь Туркт ашиггүй гэж үзэж байна. Тэрбээр “Улс орон хагарч бутарч, ийм будлиан, самуунтай байх нь мөргөлдөөнөөс дайнд ч хүргэж болзошгүй. Турк эмх замбараагүй байх нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд ч сөргөөр нөлөөлнө. Учир нь энэ улс бол Ойрхи Дорнодын гол тоглож, НАТО-гийн гишүүн орон шүү дээ” хэмээжээ.

Сэтгэгдэл (1)

  1. Pretty nice post. I simply stumbled upon your blog and wanted to say that I’ve truly enjoyed surfing around your weblog posts. After all I will be subscribing in your rss feed and I’m hoping you write once more soon!

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх