Амрах эрхгүй зун шүү, шинэ эрх баригчид аа!

Х.Хулан 1,004 үзсэн1

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөөд 20 хонож байна. Гэвч МАН-ын Засгийн газраа төвхнүүлэх үйл явц яг л яст мэлхийн хэмнэлээр урагшилж байгаа юм. Сонгуулиас хойш арав хоногийн дараа эхэлсэн улсын баяр наадам, АСЕМ-ын нүсэр ажлууд шинэ Засгийн газар байгуулагдах явцыг яльгүй хойшлуулсан ч ажил эхэлсэн эхний хоёр хоногт МАН-ын бие даасан засаглалаа төвхнүүлэх ажил сураг таамгаас хэтэрсэнгүй. Үүнтэй хамт аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар 21 аймгийн 20 аймагт засаглах эрх авсан МАН-ын Засаг дарга нар ч тодорч өгөхгүй гацаж орхив. Өнгөрсөн даваа гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдан дөнгөж данган Засаг дарга нарын асуудлыг ярьсан гэх юм билээ. Үүнийг нотлон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Сүмбэр, Дорноговь, Увс, Архангай, Хэнтий аймгийн Засаг дарга нарыг батламжлаад байна.

Одоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэдэн яамтай ажиллах вэ, хэн хэн сайдаар томилогдох вэ, УИХ-ын Байнгын хороодыг хэн хэн удирдах вэ, улс орны эдийн засгийг яаж сэргээх вэ, 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан Монгол Улсын нэгдсэн төсвийг хэрхэн балансжуулах вэ, үр дүнгүй салхинд хийсгэсэн төсвийн хөрөнгийг эрэн хайх зэрэг олон ажил яаралтай хүлээгдэж байна. Энэ бүхэн уг нь “Засгийн эрхийг аваад түүндээ сэтгэл ханаж, амарч нозоорох эрх байхгүй шүү” гэдгийг МАН-ынханд сануулж баймаар юм. Наадмын дараа намар гэдэг. Энэ өдрүүдэд шинэ Засгийн газар улс орны хэмжээнд үүсэн хүнд асуудлууд, өвөлжилтийн бэлтгэл зэрэг ажилдаа сэтгэл тавихыг шаардаж байгаа юм.

Гэвч Засгийн газар төвхнөж чадахгүй дүлэгнэж байгаа шалтгаан нь тус намын дотоод үл ойлголцол болж таарлаа. Нэг албан тушаал дээр 3-5 хүн зэрэг өрсөлдөж, би ч намд ийм гавьяатай, тэр ч ийм гавьяатай гэсэн тодорхойлолт дагалдан, элдэв лобби хийгдэж эхэлсэн тул халуун зунаар төрийн ажил гацаахад хүргээд байна. Сонгуулийн өмнө МАН-ынхны өндөлзүүлж байсан улс орны хүнд асуудлууд үндсэндээ мартагдаж, албан тушаал хамгийн чухал болчихоод байгаа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн л түвэгтэй байдалд ажиллах нь гэсэн таамаглал өрнөх шалтгаан болж эхэллээ. Өөр нам засаг барихаар улс орон сүйрчих гээд байдаг, өөрсдөө засаг бариад эхлэхээр энэ бүхэн хамаагүй болчихдог юм биш бол МАН аль болохоор хурдан, иргэдийн хүсэн хүлээж байгаа мэргэжлийн Засгийн газраа байгуулмаар юм. Нөгөө талаар нозоортол халсан халуун зунаар байгуулах гэж зүтгэж буй шинэ Засгийн газарт дэд сайдууд алба хаших мэдээ байна. Төсвийн мөнгийг хэмнэж, албан тушаалын зөв хуваарилалтыг илүүд үзнэ гэсэн МАН-ын амлалт ёсоор бол яамд дэд сайдтай ажиллах нь үнэндээ илүүц хэрэг биз ээ. Орон тооны ийм илүүдэл нь олны итгэл найдвар МАН-аас дүрвэн холдох гол шалтгаан ч болж мэднэ. Ингээд албан тушаал нь дөнгөж баталгаажсан таван аймгийн Засаг дарга нарын хэн нь хэн бэ гэдэгт таны анхаарлыг хандуулъя.

Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурь:

Шинэ Засаг дарга Г.Батсуурь 2012 оны орон нутгийн сонгуулиар тус аймгийн Засаг даргаар сонгогдож байсан ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүнийг батламжлаагүй. Гэвч дараа нь, 2015 онд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. Аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн.

Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшин:

Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Эрхзүйч, нягтлан бодогч мэргэжилтэй. Тус аймгийн ЗДТГ-ын эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байсан. 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа. 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нам нь үнэмлэхүй олонхи болсноор ийнхүү Засаг даргаар томилогдох гэж байна.

Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайхан:

2004-2008, 2008-2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан.

Архангай аймгийн Засаг даргаар Ц.Мөнхнасан:

Архангайн Булган сумын харьяат Ц.Мөнхнасан 2012-2016 онд аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй.

Хэнтийн Засаг дарга Н.Ганбямба:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. 1980 онд МУИС-ийг түүхч, 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны доктор, профессор. 1980-1982 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд багш, Бор-Өндөр хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, Хэнтий аймгийн МАХН-ын хороонд тасгийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996-1999 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд ХХАА-н дэд сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

Аймгийн ИТХ-аас тодруулсан ч батлагдаж амжаагүй байгаа аймгуудын Засаг дарга нар

Баян-Өлгий аймаг:

Тус аймгаас А.Гиламха, Ш.Хавал нарын нэрс яригдаж байна. А.Гиламхан нь аймгийн МАН-ын хорооны дэд даргын алба хашиж байсан бол Ш.Хавал Толбо сумын намын хорооны дарга асан аж.

Баянхонгор аймаг:

Г.Батжаргалын хувьд  Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга,  ИТХ-ын даргаар ажиллаж байсан.

Дорнод аймаг: я.Бадамсүрэн

Дорнодын Засаг даргад Я.Бадамсүрэнгийн нэр яригдаж байна. 2009 оноос аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, 2012 оны 11 сараас 2013 оны 11 сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа.

Орхон аймаг:

Орхон аймгийн МАН-ын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч Д.Батлут яригдаж байна.

Өвөрхангай аймаг:

Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд энэ удаа Өвөрхангайн Засаг даргаар томилогдох бололтой. Харин аймгийн ИТХ-ын даргад Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч А.Ишдоржийг нэрийг өргөн барьжээ.

Өмнөговь аймаг:

Өмнөговь аймгийн МАН-ын дарга Н.Наранбаатарын хувьд УИХ-ын гишүүн С.Бямбацогттой Цэргийн сургуульд сурч байсан нэг ангийн нөхөд. Цэргийн Их Сургуулийн багш, Төрийн өмчийн хороонд 1998-2002 он хүртэл  программист, 2002-2004 он хүртэл аймгийн Татварын хэлтсийн даргаар, 2004 оноос аймгийнхаа ЗДТГ-ын даргаар таван жилийн турш ажиллаж байсан.

Ховд аймаг:

Ховд аймгийн Засаг дарга, далайн захиргааны даргаар ажиллаж байсан Д.Галсандондог тус аймгийн Засаг даргаар томилогдох бололтой.

Хөвсгөл аймаг:

Өнгөрсөн  жилүүдэд тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын алба хашиж байсан Л.Ганболд дахин аймгийн Засаг даргад томилох мэдээ байна.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх