Hot Topic + Experts

Баабарын зөгнөл биелж эхлэв

О.Наранхүү 54,717 үзсэн19

Сонгууль, Наадам, АСЕМ шил дараалан урсан өнгөрч амралтын олон хоногууд дуусахад хамгийн түрүүнд чих дэлссэн улс төрийн сураг ажиг МАН-ын дотоод дахь асуудал байв. Сонгуульд үнэмлэхүй ялагч болсон нам наадмын өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилж амжсан ч Гүйцэтгэх засаглалын кабинетыг таамаг хэвээр орхисон. Энэ хооронд “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын гишүүд хэн байх талаар таавар ч янз бүрээр өөрчлөгдөж, МАН доторхи фракц, бүлэглэлүүдийн сайдын сандал, суудлын төлөөх өрсөлдөөн ч хурцдаад эхэлжээ. МАН доторхи фракц гэхээр уншигч та гайхаж байна уу. АН-ын фракцууд ил тод хоорондоо уралцдаг, МАН-ын фракц, бүлэглэлүүд эрх ашгийн төлөө сэм гэтэж, нам хуваагдан өрсөлддөгт гол учир бий.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна. Энэ хурал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын суудлаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шилжүүлэх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тавих сурагтай. УИХ-ын анхдугаар чуулган дээр ч Ө.Энхтүвшин энэ асуудлыг шулуухан хэлж байсан. Намынхаа даргыг Ерөнхий сайд бололгүй, УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэн томилогдсоныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хариуцлагаас бултлаа хэмээн мэдэгдэж байсныг зарим хүмүүс МАН-ын дотоод дахь албан тушаалын төлөөх зодоон  илэрч гарлаа хэмээн дүгнэж байв.

Намынхаа тулхтай улстөрчөөр “хэлүүлсэн” энэ үгсийн ард мэдээж Засгийн газарт хангалттай бялуу хүртэж чадахгүй байгаа бусад фракцууд зогсож байгаа нь андашгүй.  МАН дотор албан ёсоор нэршил аваагүй ч хэд хэдэн фракц бий. Одоогийн намын дарга М.Энхболд болон Т.Бадамжунай, Ц.Сандуй нарын хотын фракцаас гадна С.Баяр, Сү.Батболд нарын, У.Хүрэлсүхийн, Ө.Энхтүвшингийн зэрэг хэд хэдэн тусдаа ашиг сонирхол бүхий фракцууд бодитойгоор оршдог.

2008 оны сонгуулийн дараа С.Баяр, Сү.Батболд нарын бүлэглэл төр засгийн эрх мэдэлд давамгайлж байсан бол У.Хүрэлсүхийнх нь нам дотроо илүү байр суурьтай байсан, харин одоо хотын фракц энэ намыг бүхэлд нь атгасан гэж хэлж болохоор байгаа. Энэ шинжээрээ МАН-ын даргын удирдсан “Хотын” фракц 2012 оны сонгуульд ялалт байгуулж, намын дарга, Ерөнхий сайдын суудалд нэгэн зэрэг заларч байсан Н.Алтанхуягийн “Алтан гадас”-тай төстэй. Тэгвэл одоо МАН доторхи “Алтан гадас”-т ялалтын хамаг бялуугаа алдахаас айсан бусад нь Сү.Батболдын фракцын далбаан дор нэгдэж, хөдөлгөөнд орж эхэлсний илрэл нь өнөөдрийн өдөр тутмын сонинд нийтлэгдсэн илт захиалгын шинжтэй материалаас харж болохоор байна. Тэнд намын дарга М.Энхболдод өндөр хариуцлага ирснийг тодотгохын зэрэгцээ Сү.Батболд, С.Баяр нарын фракцуудын өмнөх муу муухайг, Н.Энхбаяртай холбон газар дор ортол муулсныг ажиглавал МАН-ын дотоод сөргөлдөөн хэвлэлүүд рүү хэдийнэ хальж байгаа аж. Улмаар улс төрийн иймэрхүү захиалгат материалууд ар араасаа дуугаа авалцан тархах нь тодорхой. Эндээс ажиглавал Баабар “МАН-ын төгсгөлийн эхлэл, Ардчилсан намын аугаа түүхэн ялалтын эхлэл. Сонгуулийн үр дүнд би баярлаад үхэх нь” гэж жиргэсэн нь ёстой л голыг нь олж хэлсэн үг байсан бололтой.

Сэтгэгдэл үлдээх