Take action

Дэлхийг донсолгосон хоёр үйл явдал

Politik.mn 14,435 үзсэн1

Энэ зун тун халуухан болж байна. Халуухан гэдэг нь цаг ууртай холбоотой бус, дэлхийн өнцөг булан бүрт улс төрийн дэглэм, үзэл суртлаас болж томоохон үйл явдал өрнөж байгааг хэлж буй юм.  Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Францын Ницца хотод ямар ч гэм зэмгүй хүмүүс алан хядагчийн золиос болж, эргийн амралтын газар орчим цусанд будагдлаа. Гэтэл энэ үйл явдлын дуулиан намжиж амжаагүй байтал Туркт цэргийн эргэлт хийх оролдлого болж, бас л гэм зэмгүй хүмүүс өртлөө.

Францын Засгийн газрынхны зөгнөл биелжээ

_90422949_mediaitem90422906

Бастилийг авсан өдөр буюу долдугаар сарын 14-ний баярын өдөр Францын Ницца хотод томоохон алан хядах ажиллагаа боллоо. Английн эргийн дагуу 70 км/цагийн хурдтай явж байсан ачааны машин явган хүмүүсийг газартай нь тэгшилж орхисон гэхэд болно. Ийнхүү хоёр километр орчим газарт хүмүүс дайрсныхаа дараа жолооч нь машинаасаа гарч ирээд гар буугаар хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Энэхүү аймшигт үйл явдлын улмаас 80 гаруй хүн амиа алдаж, 18 хүн хүнд, 50 хүн хөнгөн бэртэл авсан байна. Ачааны машины жолоочийг цагдаа нар буудаж устгажээ.

Хотын захиргааныхан уг үйл явдлыг алан хядах үйл ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.  “Nice Matin”-ы хэвлэлийн ажилтан болсон үйл явдлын талаар ийнхүү ярьжээ.

“Баярын уур амьсгал бүхий зуны сэрүүхэн орой байсан. Хүүхдүүд эргийн дагуу ус руу чулуу шидэн тоглож, эрэг хавиар олон ч хүнтэй байсан. Би бусдын л адил долоодугаар сарын 14-ний энэ өдөр хүмүүсийн зугаалдаг газар болсон энэ эрэгт шоу үзэхээр ирсэн. Шоу дууссаны дараа ойролцоо тавьсан мопедоо хайж, шатаар өгсөж байлаа. Би олон хүмүүсийн дунд явж байтал эхлээд шуугиан, дараа нь хүмүүс хашхиралдахыг сонссон. Анхандаа хэн нэгэн тэнэг этгээд өөрөө ёслолын буудлага хийх гэж байгаад дэлбэлж дээ гэж бодсон. Гэтэл секундын дараа аварга том цагаан ачааны машин асар хурдтайгаар давхиж, надаас хэдхэн метрийн зайд зөрж өнгөрсөн. Хүмүүсийг цогцос тал тал шидэгдэж байхыг харсан. Тэнд болсон хашхирааныг би хэзээ ч мартахгүй. “Туслаарай”, “Эндээс холд”, “Миний хүү хаана байна вэ” гэх дуу хажууханд минь сонсогдож байлаа” хэмээжээ.  Францын цагдаагийн газрын ажилтнууд алан хядагчийн ачааны машинаас галт зэвсэг, гранат зэрэг олон тооны зэвсэг олжээ. Эдгээрээс үзэхэд алуурчин энэ ажиллагаанд эртнээс бэлтгэсэн нь тодорхой байна.

Алан хядах ажилллагааг Тунис гаралтай, 31 настай Мохамед Лахуайеж Бухлель гэгч үйлджээ. Тэрээр хулгай, хүч хэрэглэсэн хэргээр цагдаагийн хаалга татаж байсан ч Францын тагнуулынхан түүнийг ийм хэмжээний халдлага үйлдэнэ чинээ тооцоолоогүй гэнэ. Тэрээр аллага үйлдэж байхдаа “Аллах акбар” гэж хашхирч байснаас үзэхэд радикал лалынхныг дэмжигч байсан бололтой. “Исламын улс” бүлэглэлийнхэн ч уг халдлагыг хариуцлагыг хүлээжээ.

Террористын хувьд халдлага хийхээс хэдхэн цагийн өмнө гэрийнхэндээ зургаа илгээж, аз жаргалтай амьдарч байгаагаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө Тунист амьдардаг гэр бүлийнхэндээ 110 мянган ам.доллар илгээсэн тухай цагдаагийнхан олж тогтоожээ. Түүний төрсөн ахын мэдэгдсэнээр алан хядагч эхнэрээсээ салаад удаагүй, дээр нь санхүүгийн асуудалд орсон тул сэтгэл гутралд автаад байсан гэнэ. Багаасаа сэтгэцийн асуудалтай байсан тэрээр ах дүү 11-үүлээ. Мансууруулах бодис хэрэглэдэг, архи уудаг байсан тухай ах нь өгүүлжээ.

Сонирхолтой нь, Францын Засгийн газрын тэргүүн Вальс алан хядах ажиллагаанаас сар хагасын өмнө ийм үйл явдал болохыг зөгнөн хэлж байжээ. Тэрбээр саяхан Израильд айлчлах үеэрээ “BFM TV”-д ярилцлага өгөхдөө дэлхий дахинд алан хядах аюул заналхийлэл урьд өмнөхөөс ч өндөр болсон. Ялангуяа Франц улс терроризмын гол бай болсон талаар ярьж байжээ. Түүнчлэн Ерөнхий сайд яагаад ч юм бэ, эх орон нэгтнүүддээ хэзээ ч худал хэлж байгаагүй гэж хэлжээ. Тэрбээр “Дотоод аюулгүй байдлын асуудлаар би нутаг нэгтнүүддээ хэзээ ч худал хэлэхгүй. Яагаад гэвэл би Дотоод хэргийн сайд байсан хүн” гэж мэдэгдэж байжээ.

Францын Ерөнхий сайдаас гадна тус улсын Дотоод аюулгүй байдлын газрын дарга Патрик Кальвар ч Францад шинэ алан хядах ажиллагаа болж магадгүй талаар тун саяхан дуугарсан. Түүний анхааруулга бараг 100 хувь биелэгдсэн гэхэд болно. Учир нь тэрбээр шинэ алан хядах ажиллагаа тээврийн хэрэгсэл ашиглах замаар хийгдэнэ гэж хэлж байжээ. Түүний хэлснээр “Исламын улс” бүлэглэлийнхэн минажуулсан автомашин, тэсрэх төхөөрөмж зэрэг рүү шилжиж, халдлагын тактикаа өөрчилж буй гэнэ.

Туркт цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтэв

_90423255_mediaitem90423253

Туркт болсон үйл явдал ч Францын Ницца хотынхоос дутахааргүй анхаарал татаж байна. Тус улсад иргэний дайн дэгдэхэд ганц алхам л үлджээ. Баасангаас бямба гарагт шилжих шөнө цэргийхэн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дэглэмийг эсэргүүцэн тус улсад цэргийн эргэлт хийхийг оролдож, Анкара, Стамбулын стратегийн хэд хэдэн объектыг эзлэн авчээ. Гэвч бослого хэдхэн цагийн дараа дарагдсан, өдгөө бүх зүйл төрийн хяналтад байгаа хэмээн тус улсын Ерөнхийлөгч мэдээлжээ. Цэргийнхэн төрийн эргэлт хийх оролдлого гаргасны улмаас 16-ны шөнө 265 хүн амиа алдаж, 1440 хүн гэмтэж бэртжээ.

Цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбогдуулан Туркийн Дээд шүүхийн 10 гаруй шүүгчийг буруутган баривчилсан байна. Үүнээс гадна “Sky News Arabia” сувгийн мэдээлснээр Кассацийн шүүхийн 140 шүүгчийг бослого дэгдээхэд оролцсон хэргээр эрэн сурвалжилж байгаа аж. Мөн Туркийн засаг захиргаа 2745 шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн Туркийн цэргийн 52 өндөр албан тушаалтныг саатуулж, 58 офицерийг гадагш гарахгүй гэсэн гарын үсэг зуруулж, сулласан аж. Баривчлагдсан цэргийн өндөр албан тушаалтнуудыг Измирагийн хориход шилжүүлжээ.

Бослого дэгдсэний маргааш орой нь хэдэн мянган туркууд гудамжинд ийм үйл явдлыг эсэргүүцэн хоногложээ. Анкара, Стамбул, Измира болон бусад том хотуудын төв талбай дээр хүмүүс Туркийн далбаа, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын лого бүхий лоозон барин жагссан байна. Тэд цэргийн эргэлт хийхийг оролдсон хүмүүст цаазын ял оноохыг шаарджээ.

Цэргийн эргэлт хийх оролдлогын дараа Засгийн газраас иргэддээ гар утсаар нь дамжуулан нөхцөл байдлыг товчхон танилцуулаад, хунтын дэглэмээс улс орноо хамгаалахын тулд гудамжинд гарч жагсахыг уриалжээ. Туркийн иргэд ч улс төрийн идэвх сайтай тул хэдэн мянгаараа цугларч, цэргийн бослого дэгдээгчдийг зогсоох оролдлого хийж эхэлжээ.
Бямба гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж, ардчиллын төлөө гудамжинд гарч жагссан иргэддээ талархлаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх