Энэ цагийн улс төрийн тод дүр

Цогсүрэнгийн Ганболд 18,708 үзсэн2

1990 оны цагаан морин жилийн хувьсгал ид эрчээ авч мөн оны 3 дугаар сарын 4-нд Сүхбаатарын талбайд ардчиллын төлөөх дөрвөн хүчин хамтран зохион байгуулсан жагсаал цуглаанд тэр үеийн тооцооллоор 90000 хүн оролцож Монгол орны төв талбай тэр чигээрээ ардчилсан шинэ үзэл санаагаар давалгаалж байхад Чимэдийн Сайханбилэг Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч байжээ. Яг тэр үед Зөвлөлт гүрэн задралын босгон дээр ирчихсэн, хаа сайгүй Горбачёвын өөрчлөн байгуулалтын тухай ярьцгааж энд тэндгүй жагсаж  цуглаж Оросын нийгэм бүхэлдээ сэрж байв. Нэг удаа Борис Ельцин Хүмүүнлэгийн их сургуульд хүрэлцэн ирж өөрчлөлтийн сэдвээр орос оюутнуудад лекц уншив. Энэ арга хэмжээнд тус сургуулийн гадаад оюутнуудыг оролцуулсангүй. Тэгсэн хэдий ч Ч.Сайханбилэг нарын оюутнууд арга сүвэгчилж  сургуулийн хичээлийн байрын дээвэр дээрээс  Ельциний яриаг сэм шимтэн сонсчээ.

Дараа жилийнх нь зун Сайханбилэг сургуулиа дүүргэж саяхан болтол нэг намын дайчин туслагч, бэлтгэл хүчин гэгдэж ирсэн Хувьсгалт залуучуудын эвлэлийн суурин дээр шинээр эмхлэн байгуулагдсан Монголын Залуучуудын холбооны ажилтан боллоо. Анхных нь энэ томилолт түүний цаашдын хувь заяаг зурахад онцгой нөлөө үзүүлжээ. Тухайн үедээ Залуучуудын холбооны удирдлагад  Монголын залуусын шилдэг төлөөлөл цугларав. Залуучуудын байгууллагыг улс төрөөс ангид байлгах, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалсан тэргүүлэх үүрэгтэй болгох, “Залуу удирдагч” сан байгуулж, шилдэг залуу улс төрч, шилдэг залуу эдийн засагч тодруулах, Очирбат Ерөнхийлөгчийг  би ийм тансаг ёолк үзээгүй гэж дуу алдуулсан Next stop  шинэ жилийн цэнгүүн санаачлах зэргээр холбооны залуус хэвшмэл бус олон арга хэмжээг сэдэж өөрсдөө ч нийгэмд танигдав. Улмаар энэ байгууллага дэлхийд шалгарч, 1995 оны Дэлхийн шилдэг залуучуудын байгууллага болсон юм.

Залуучуудын холбоонд Ч.Сайханбилэг  1996 оны парламентын сонгууль зарлагдтал бараг 6 жил ажиллаж тус холбооны нарийн бичгийн дарга албан тушаалтайгаар УИХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшин өрсөлдлөө. “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшигчид тэр жил парламентын дийлэнх буюу 50 суудал авахад нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс “Сувгаа битгий солиорой” нэвтрүүлгээрээ телевиз үзэгчдийн танил хэдийнэ болоод байсан Сайханбилэг нэг ялагчаар нь тодорлоо. Ингэж тэр Монголын төрийн өндөр босгоор  алхан  орж ирсэн.

Үндэсний хэмжээний улс төрийн олимпод эхний ялалтаа байгуулсан энэ үеэс 18 жилийн дараа 2014 оны 12 дугаар 21-нд буюу нүүдэлчин монголчууд өвлийн хахир  хүйтэн зурвас үеийг нэрлэж заншсан есөн есийн анхны ес эхлэхийн урьдах өдөр Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тамгыг улс орны өмнө хүлээх бүхий л үүрэг хариуцлагатай нь цуг хүлээн авлаа. Өмнө нь Ерөнхий сайд байсан туршлагатай улс төрч Ринчиннямын Амаржаргалтай нам дотроо халз тулан ялж, Анандын Амар, Дашийн Бямбасүрэн нарын дандаа томчуулын залгуулж ирсэн хүндтэй сэнтийд тэр суусан. Түүний өнөөг хүртэлх бүрэн эрхийн хугацааг барагдашгүй урт есөн естэй зүйрлэж болмоор. Олон улсын зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ навс унаснаас голлон шалтгаалсан хөрөнгө мөнгөний хомсдол, түүнээс улбаатай эдийн засгийн хямралыг сааруулан зогсоох хүнд даалгавар Сайханбилэгийн танхимын нуруун дээр буусан. Тэр дөнгөж ажлаа авангуут УИХ-ын танхимд хэлсэн үгэндээ “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж чанга дуугарсан. Хямралтай үед улс орны эдийн засгийг сөхрөөчихгүйн тулд зориг зүрх гаргах хэрэгтэй байлаа. Хамгийн их хэл ам, хардлага сэрдлэг дагуулсан анхны томоохон шийдвэр нь Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг манай талын холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн явдал байлаа. Хэн нэг нь хэзээ нэгэнтээ зориглож хийхээс өөр аргагүй энэ үйлдлийнхээ төлөө шийдлийн Засгийн газрын тэргүүн парламент дотроос ч, гаднаас  ч шүүрэн шанага мэт шүршүүлж, үүний улмаас Засгийн газраа огцруулалгүй хамгаалж үлдэхийн тулд улс төрийн эв дүй, мэдрэмж,  ур ухаан гаргах шаардлагатай тулгарсан. Хараалгаж ерөөлгөн хийдгээ ч хийсэн, улс төрийн нуман тулгуураас ч мултарч чадсан.

Олон улсын банк  санхүүгийн 20 хүчирхэг байгууллагаас 4,4 тэрбум ам.долларын хэмжээний санхүүжилт Монголын говийн Оюутолгой төслийн газрын гүний бүтээн байгуулалтад татаж чадсан нь дээрх алхмынх нь шууд үр дүн.

Гацаад байсан Гацууртын алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр Ерөнхий сайдын хувьд гаргуулж чадсаныхаа төлөөсөнд 80  нас хэтийдсэн  аавдаа Уянга гишүүнээс ил захидал хүртэл бичүүлж УИХ-ын чуулган дээр түүнтэй сүрхий ам муруйж байлаа.

Хамтрагч хүчин нь муйхарласны улмаас  Эрүүл мэнд, спортын яамыг  хэдэн сар үүрэг хариуцагч толгойлох, улс орны аминд тулсан томоохон асуудлуудыг хамтдаа шийдэхийн тулд МАН-ын 6 сайдыг танхимдаа урьж ажиллуулаад удаагүй байтал улс төрийн шахалтаар төрхөмд нь буцаахаас аргагүйдэх зэргээр ар араасаа залгасан угсраа цохилтуудыг тэсэн гарч улс төрийн тогтвортой байдлыг ханган Засгийн газрынхаа түүчээ болон Чимэдийн Сайханбилэг ирлэгдэж хурцлагдаж энэ явцдаа хатуужиж туршлагажсан юм.

Түүний зарим асуудалд хүлээцтэй, уян хатан хандсаныг нь шийдэмгий бус байсан гэж өрсөлдөгчид нь шүүмжилдэг. Тийм үү, үгүй юу гэдгийг хөндлөнгийн шүүмжлэл бус гагцхүү цаг хугацаа, баримт нотолгоо, бодит ажил үйлс харуулна.

Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэдэг монголын 3 сая иргэнээс тухайн цаг үед  зөвхөн ганцхан хүнд тохиох ховор тавилан. Тавилан төдийгүй дэндүү хүнд ачаа. Тэгвэл Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар ажиллах боломж өөр хэнд ч биш, чухамхүү Сайханбилэгт ногдсон нь үгүйсгэх аргагүй үнэн.

Түүнийг гүйцэтгэх засаглал тэргүүлж байхад нэг Засгийн газар гэхэд байж болох бүх сорилтын дундуур туулжээ. Сүүлийн олон жил болоогүй ган тохиолдсон ч, нийт нутгаар зудтай, хатуу ширүүн өвөл таарсан ч тэр даваад гарсан. Хүн, малын халдварт өвчин, гудамжны жагсаал цуглаан, улс төржилт, засгаа унагаах гээд чичрээд дайрдаг улиг болсон ордны хуйвалдаан, төсвийн алдагдал, улс орнуудыг хамарсан эдийн засгийн хямрал, хүндрэл гээд түүнийг шалгасан сорилт шалгалт шил шилээ даран цуварсан. Гэсэн ч Монгол Улсын, бас Засгийн газрын, Ерөнхий сайдын ноён нуруу нь хугараагүй ээ.

Залуучуудын байгууллагаас улс төрд анх хөл тавьсан Сайханбилэг өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын Гэгээрлийн сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх  газрын дарга зэрэг нэр нөлөөтэй албан тушаалуудыг ээлж дараалан хашиж, УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр мөн гурвантаа томилогджээ.

Монголынхоо өргөн уудам нутгийг шилэн кабелийн зөөлөн дэд бүтцээр хэрэх ажлыг нугалж, нийт сургууль, сум, баг, бүх багш нарыг компьютержүүлж, нийслэл, аймгийн төв, сум суурин газрын гэр хороолол, малчны хотонд хүртэл Улаанбаатарын үнэ, хурдаар интернетийн сүлжээ хүргэсэн гэгээлэг үйлсийн санаачлагч ба хэрэгжүүлэгч нь Ч.Сайханбилэг.

Хямралт эдийн засаг, улс төрийн зөрчилдөөний гал дундуур санаатай, санамсаргүй зүсэн бүрийн эсэргүүцлийг давж амаргүй үед улс орноо урагшаа чирж явсан зүтгүүр  бол тэр эргэлзээгүй мөн.

Саяхны сонгуулийн үеэр ард иргэдээс хамгийн их дэмжлэг хүлээж алга ташуулсан төдийгүй дараагийн эрх баригчдад бултах аргагүй өв, захиас даалгавар болон үлдэж байгаа Сайн хашаа, Сайн оюутан хөтөлбөрүүдийн автор буюу зохиогч нь Шийдлийн Засгийн газрын тэргүүн чухамдаа өөрөө байсан юм шүү. Түүнчлэн ахуй амьдрал нь хангалуун биш түмэн олныхоо тусын тулд  Монгол Төрийн хишиг Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны 322 ширхгийг нь 300  мянган төгрөгөөр худалдан авч улсын баяр наадмын өмнө иргэдээ жаахан ч гэсэн баярлуулах эр зориг төдийгүй улс төрийн шийдэл гаргасан удирдагч бол чухамдаа Чимэдийн Сайханбилэг.

Тиймээс тэр Монголын их улс төрд тохиолдлын дүр биш байлаа. Харин монгол төрийн түүхэнд ямархуу жин дарж тэмдэглэгдэн үлдэх нь түүний яг одоогийн болон айсуй он жилүүдийн үг, үйлдлээс хамаарна. Тэр улс төрд шинэ хүн биш. Бас хуучин хүн ч биш.  Хэдийгээр сая 6 дугаар сарын 29-нд ялагдал хүлээн их улс төрөөс түр завсарлага авч байгаа ч Монголын улс төрийн энэ цагийн төлөөлөл болж Ч.Сайханбилэг хэвээр үлдэнэ.

Сэтгэгдэл (2)

  1. Outstanding post, I conceive blog owners should learn a lot from this web site its very user pleasant. So much wonderful information on here :D.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. Buy Brand Name Wellbutrin Xl buy cialis Cephalexin Behavioral Side Effects Buy Rx Online Medicines Cialis Generico Marca

Сэтгэгдэл үлдээх