Hot Topic + Experts

Ч.Сайханбилэг нэг гараараа байгуулж, нөгөө гараараа нурааж байгаа яам

З.Боргилмаа 680 үзсэн1

Засгийн газрын бүтцийг өөрчлөн өнөөгийнхөөс цөөлж, есөн яамтайгаар зохион байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн гайхаш төрүүлсэн олон асуултууд гарч ирлээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын санаачилсан уг бүтцийн өөрчлөлтийг ямар үндэслэл, тооцоо, судалгаанд үндэслэн төлөвлөснийг зарим гишүүд онцлон тодруулахыг хүсч байгаа нь аргагүй юм байна.

Тухайлбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газар өөрөө санаачлан байгуулсан Аж үйлдвэрийн яамаа эргүүлээд татан буулгахаар төсөлд тусгасан байх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоор улс орноороо тэжээгдэн амьдардаг манайх шиг улс боловруулах салбар, хүнд үйлдвэрлэл хөгжүүлэхгүй л юм бол “Голланд өвчин”-д нэрвэгдэх нь ээ гэсэн итгэл үнэмшил өнгөрсөн хэдэн жил бидний тархи толгойг дүүргэж байлаа. Энэ давалгаан дунд аж үйлдвэрлэл гэсэн эдийн засгийн шинэ бүтэц хүч түрэн орж ирсэн тул шинээр яам байгуулах нь гарцаагүй зөв гэж үзэн дээрх шийдвэрийг гаргаж байсан Засгийн газар ямар амархан үзэл бодлоо өөрчилнө вэ?!

Яагаад Аж үйлдвэрийн яам цаашид шаардлагагүй, Сангийн ч юм уу, эдийн засгийн ч юм уу, аль нэг яамны “дайвар” бүтээгдэхүүн болж байгаа юм бэ? Үүнийг буруу, зөв гэж дүгнэхээсээ өмнө төсөв хэмнэхээс арай илүү нухацтай учир шалтгаан, арай илүү бодитой тооцоо судалгаа ярих ёстой баймаар юм.

Аж үйлдвэрийн яам байгуулах шийдвэрийг ердөө жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сард гаргаж байсан Төр засаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар зарлиг гаргаж, УИХ-аар Аж үйлдвэрийн талаар баримтлах төрийн бодлого баталж байсан юм.

Олон жилийн дараа дахин байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдаар анх томилогдсон Д.Эрдэнэбат өнөөдөр яригдаж буй өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа бол? Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл, ТЭЗҮ-нүүдийг хүлээн авч, том жижиг үйлдвэрлэлийн стратеги, тактикаа хэлэлцэж, юу юугүй галт тэргээ хөдөлгөлөө гэж олон нийтийг талархлыг хүлээгээд удаагүй байгаа юм сан. Ерөнхий сайдаа дагаад “зөв өө” гээд суух уу, зөрж босоод байр сууриа хамгаалах уу гэсэн асуултыг түүнд тавьж болмоор. Энэ бол хоёрдугаарт тавигдах асуудал.

Харин юун түрүүнд төрийн аливаа бодлого, шийдвэр өөрөө ямар шалгуураар батлагддаг, цуцлагдлаа гэхэд мөн ямар шүүлтүүр процедураар хуульчлагддаг байх ёстой юм бэ гэдгийг асуух цаг болжээ.

Гэр бүлийн эхнэр, нөхөр салахад хүртэл шүүхээр хэлэлцэж, төрийн нэрийн өмнөөс шүүх шийдвэр гаргадаг. Тэгэхэд төрийн бодлого, шийдвэр ямар ч шалгуургүйгээр нэг өдөр батлагдаж, ямар ч босго шүүлтүүргүйгээр нөгөө өдөр нь цуцлагддаг ийм хэврэг, эргэж буцсан, эр, эмийн асуудлаас хямд байж болдог нь гайхалтай яа?!

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх