Post

Төрийн эзэн нь хуульт ёс юм

Х.Хулан 672 үзсэн5

 -Төрийн эзэн гээч хуулиас давсан эрх мэдэлтэй хэн нэгэн, хэсэг бүлэг хүн байхгүй ёсгүй… Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд “ёстой, ёсгүй” зүйлсийн талаар хангалттай ярьсан ч тэрхүү гортигийг цагаан цэрдээр тодруулах, бодитой зүйл болгох талаар хэн маань юу хийж, ямар амжилтад хүрсэн билээ?!-

     Монголчууд “төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсныг одоогийн бид бараг мартах шахаж. Бор гэрийн хойморт бурхан тахил хавьцаа заларч байсан төрийн тухай монголчуудын ойлголт өөрчлөгдсөөр нэг л мэдсэн “хүн”-ий түвшинд хэлэлцэгдээд зогсохгүй өдгөө бүр “худалч, хулгайч”-ийн зэрэгт унатлаа үнэлэмжгүй болжээ.

Төр гэдэг нь хуульт ёс биш ердөө хэсэг бүлэг хүн болохыг хангалттай харж, ханатлаа ойлгосон иргэд эцэст нь энэ төрийг аваад явчих хэн нэг хүчирхэг лидерийн эрэлд гараад удаж байх шиг. Унаж зайдлаад давхихад бэлэн улааны морь шиг болтлоо “номхорсон” төрийг юутай ч “эзэнтэй болгоё” гэж иргэд нь хүсэх болсны шалтгаан нь өнөөдрийн Монголын нийгэмд нүүрлэсэн үй түмэн гажуудалтай холбоотой юм. Тэдгээр гажуудлыг “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэж үзэгдэл талаас нь хавтгайруулан нэрийдэж болох ч “эзэн нь чухам хэн байх” талаар бас л эрээвэр хураавар бодолтой, эрс тэс байр суурьтай өнөөдрийг хүрч байна.

Эрх баригч болсон нам хүчнийг “эзэн” гэх үү, эсвэл Путин шиг эрч хүчтэй удирдагчийг хэлэх үү?! Энэ мэт үзэл бодлууд дунд бид төөрөлдөх тусмаа “Төр” гэдгийг “хүн” гэж ойлгодог хамгийн том “алдаатайгаа” эвлэрч орхидог нь харамсалтай.

Уг нь “төрийн эзэн нь хуульт ёс” юм. Хууль ёсондоо төр нь захирагдаж байх тохиолдолд бид нийгмээрээ шударга ёс, хүчирхэг лидерийн эрэлд хатах шаардлага үнэндээ үгүй биз. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэйн адил төр нь ч бас тийм байх ёстой гэсэн үг. Харин өнөөдөр хуулиас давсан эрх мэдэл бүхий төртэй, төрийнхээ дээр гарсан хэсэг бүлэг иргэдтэй болчихсон учраас нийгэм тэр чигтээ эмх цэгц, шударга ёсыг үгүйлж байгаа. Ялангуяа бүрэн эрх нь дуусах дөхөж одоогийн парламентын /төрийн эрх барих дээд байгууллага/ үед энэ завхрал хэрхэн газар авсныг энгийн иргэн ийнхүү бичсэн байх аж.

“Энэ УИХ гүйцэтгэх засаглалынхаа гар хөлийг нь хүлж ямар ч эрх мэдэлгүй болгон Засгийн газрын эрх мэдлийг өөртөө авсан. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах бодлого барьж хуулийн өөрчлөлтийг хийхийг санаархсан. /Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлж байна/ Сүүлдээ төрийн шийдвэрийг хянах цорын ганц институци болох Үндсэн хуулийн Цэцийг өөрсдийн гар хурууны үзүүрт өнхрүүлдэг болголоо. Энэ бүхний эцэст Монгол Улсын төр ажлаа хийдэггүй, ажлаа мэддэггүй, авлигач луйварчдаараа дуудуулдаг, ямар ч хяналтгүй, хязгааргүй эрх мэдэл, эд хөрөнгөнд донтсон 76 хүний гарт бүрэн төвлөрөх болох нь дээ. Ийм байж болох уу ард түмэн минь” хэмээжээ.

Түүний бичсэнчлэн төрийн эзэн гээч хуулиас давсан эрх мэдэлтэй хэн нэгэн, хэсэг бүлэг хүн байхгүй ёсгүй… Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд “ёстой, ёсгүй” зүйлсийн талаар хангалттай ярьсан ч тэрхүү гортгийг цагаан цэрдээр тодруулах, бодитой зүйл болгох талаар хэн маань юу хийж, ямар амжилтад хүрсэн билээ?! Олны санаж байгаагаар төрийг хүн биш хууль удирддаг байх тийм тогтолцоо руу чиглүүлэх хэд хэдэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, зарим нь УИХ-аар батлагджээ. Төсвийн зарцуулалтыг хянах, шилэн дансны тухай хууль, Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийг энд нэрлэж болно. Гэхдээ нөгөө талд албан тушаалтны хариуцлагын тухай хуулийн төслөөс эхлээд нэжгээдгүй санаачилгууд энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд батлагдаж амжилгүй төсөл хэвээр үлдэж байгааг санах ёстой. Сануулах учиртай.

Сэтгэгдэл үлдээх