Featured Portrait

Сэтгэгч

Politik.mn 7,239 үзсэн0

Сод хүн, содон чанар гэж авьяас чадлаараа бусдаас ялгарч бүтээж туурвиж буй онцгой нэгэн бие хүнийг хэлнэ хэмээн монгол хэлний тайлбар толь бичигт тодорхойлжээ. Ийм сод хүмүүс монголын нийгмийн салбар бүрт ажиллаж амьдарч байгаа. Философичдын хувьд содолж яваа сэтгэгч бол  монголын философи сэтгэлгээний бүтээлүүдээрээ олноос онцгойрч ялгарч буй доктор, профессор Б.Даш-Ёндон юм. Эртний грекийн философи сэтгэлгээний төлөөлөгч Сократ, Платон, Аристотель, Феофраст нарын бүтээлүүд, мөн хятадын аугаа  сэтгэгч Күнз, Дао нарын бүтээлийн дээжсийг сүүлийн тавхан жилийн дотор монгол хэлнээ орчуулж, өөрийн хийсэн тайлбарын хамт 3 боть, 2 эмхтгэл болгон нийтлүүлжээ. Дэлхийн сонгодог философийн суут сэтгэгчдийн бүтээлийг ийнхүү монгол хэлнээ бясалган буулгах нөр их хөдөлмөр нь залуусын нүдийг нээж, идэвхтэй сэтгэж мэдрэх, учир утгыг тайлж чадаагүй юмс үзэгдлийг ухаж ойлгоход нь тусалж байна. Дашкагийн тэмдэглэснээр хүн төрөлхтөний сор бүтээлийг эзэгнэн баяжуулж, ухаан бодлоо уралдуулж буй монгол үндэстэн оюун чадлаараа бусдаас доогуур хэмээн хэлэгдэхгүй нь лавтай. Ер нь оюунлаг, авьяаслаг байхгүй юм бол бидний цөөхөн ард түмэн юугаараа хүчтэй, чадалтай үндэстэн гэж хэлэгдэх билээ.

fb cover copy

Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэгчээр Б.Даш-Ёндон философич маань 1992 оны УИХ-ын анхны ардчилсан сонгуульд намаа удирдаж үнэмлэхүй ялалт байгуулчихаад өөртөө албан тушаал “бэлэглээгүй” энэ цагийн цорын ганц намын дарга юм. Тэрээр Ерөнхий сайдаар П.Жасрайг, УИХ-ын даргад Н.Багабандийг нэр дэвшүүлэн батлуулж, ирэх жил нь Ерөнхийлөгчийн суудалд эрхэм спикерийг зүтгүүлэн сонгуулж, өөрөө Намынхаа цагаан байшиндаа даруухан заларсан юмдаг. Б.Даш-Ёндон гуай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мөнөөх л хуучин өрөөндөө ерээд оны тэр халуухан өдрүүдэд чухам юу амжуулж, яах гэж буурь сахиж үлдсэнийг эргэцүүлж нэг бясалгая.

1.Туйлшралд үл автах ухаан

            Монголын философи сэтгэлгээний том төлөөлөгч болох энэ сэтгэгчийн тухайн үедээ дэвшүүлсэн нэг гол санаа бол 1921 оны ардын хувьсгалыг мандуулахад  баримталсан үндсэний ардчилсан үзэл санааг төв ёсны үзлийн үүднээс авч үзсэн явдал байв. Төв ёсны үзэл гэж Б.Даш-Ёндонгийн томьёолсон номлолыг Нагаржунайгаас гаралтай хаа байсан Энэтхэгийн юм гэж шүүмжилдэг. Буддын шашны гүн ухаан, Нагаржунайн философи зүгээр нэг савсаг төөрөгдлийн зүйл биш, хүн төрөлхтний суут сэтгэгчийн хорвоо ертөнцийг харж ажиглаж судалж байж гаргасан том дүгнэлт юм. Тэгэхлээр Нагаржунайн төв ёс бол философийн асуудал, харин Б.Даш-Ёндонгийнх бол үзэл баримтлал, арай хүнд ойр болж байгаа юм. Яагаад ийм үзэл баримтлал гаргаж ирсэн гэхлээр ерээд оны монголын улстөрийн нөхцөл байдал нэн ээдрээ, түвэгтэй болж эхэлсэнтэй холбоотой.

13199495_1548182345477480_1324080064_o_3543524333

Эрх баригч МАН-ын дотор шинээр гарч ирсэн улс төрийн залуу хүчнүүдийг дарж авах гэсэн хатуу байр суурьтай хүчин гарч ирсэн нь аюул учруулж мэдэхээр байлаа. Нөгөө талд шинэ залуу намууд ч МАН-ыг устгана, сөнөөнө гээд гал дээр тос нэмж, давшлаад байдаг. Одоо ч ингэж яриад л байна. Ийм нөхцөлд аль аль талыг туйлшралд хүргэж үл болно гэсэн оюун дүгнэлтэд философич Б.Даш-Ёндон хүрчээ. Өөрөөр хэлбэл, хуучин байсан юм нь шинээр үүссэнээ устгана гээд, шинээр үүсч байгаа нь хуучнаа устгана гээд байж болохгүй. Энэ хоёр туйлшралын дундуур бид бие биенээ ойлгох учиртай хэмээн тэрээр эргэцүүлж төв ёсны үзлийг гаргаж тавьжээ. Тиймээс өөрчлөлт шинэчлэлийг зэвсэгт тэмцлээс ангид,  тайван замаар хэрэгжүүлэхэд тухайн үеийн МАН-ын удирдагч Б.Даш-Ёндонгийн гүйцэтгэсэн үүрэг үлэмж их байсан нь тодорхой байна. Тэрээр нэн ээдрээ түвэгтэй нөхцөлд улс төрийн ууган намын үзэл баримтлалыг шинэчилж, онолын сэтгэлгээг хөгжүүлж чадсанаар учирч болох эрсдэлээс монголын нийгмийг сэргийлж чаджээ.

 Үндэсний үзлээс гарч болох туйлшралыг ардчилсан үзэл нь, ардчилсан үзлээс гарч болох туйлшралыг үндэсний үзэл нь дор дороо барьж тогтоон, нийгмийн хөгжил тэнцвэртэй, зөв замаар явах учиртай аж. Энэ бол арга, билгийн тогтолцоогоор үндэсний үзэл ардчилсан үзэлтэй шүтэн барилдаж, тэгснээрээ нэгдэлтэй болж байгаа хэрэг. Харин уламжлалыг хэтрүүлэн анхаарвал дэлхий нийтийн жишгээс хоцрон бойтоглоно. Энэ бол хэрэг дээрээ мөхөл. Шинэчлэлийг хэтрүүлэн анхаарвал, улс орон мөн биеэсээ сугаран гарч, монголын нүүр царай монгол биш болж гуужина. Энэ бол улс гэрийн бие даасан байдал, тусгаар тогтнолыг алдахад хүргэнэ.

Туйлшралгүй байх гол нөхцөл бол шинэчлэлийн хэр хэмжээг уламжлалаар нь хязгаарлан тогтоох явдал. Уламжлалыг туйлшруулахгүй байх гол арга бол өөрийг нь хөдөлгөх, эрчимжүүлэх явдал хэмээн доктор Б.Даш-Ёндон тэмдэглээд арга билгийн цаад гүн гүнзгий утга, гүн ухааны үл шавхагдах агуулгыг нэн хураангуйлан томьёолсон байна.Тэгэхлээр ерээд оны улс төрийн бодлогыг гүн ухаан лугаа холбож, улс төрийн амьдралын хатуу ширүүн сорилтыг ухаалгаар давж, үндэсний эв нэгдлийг хангаж чадсан МАН-ын Төв Хорооны дарга асан Б.Даш-Ёндонг манай онолын сэтгэлгээний том төлөөлөгч, нэрт философич гэхгүй юм бол өөр хэнийг хэлэх билээ. Нэн ялангуяа өнөөдөр бид өөрийн гэсэн үнэт зүйлсийг хайхрахаа больчих гээд байгаа энэ цаг үед сэтгэлгээнийхээ эмх замбараагүй байдлыг эмхлэн цэгцэлж, үндэсний ухамсар, бахархалыг сэргээн бадрааж, монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөж, итгэл үнэмшлийг төрүүлэхэд энэ үзэл санаа үндэс суурь болох учиртайсан.

  1. Ангич, намч зарчмыг няцаасан бодрол

Манай оронд өрнөсөн ардчилсан үйл явц нь үндэсний эв нэгдлийн эрх ашигт үйлчлэн гүнзгийрэх ёстой гэдгийг философич Б.Даш-Ёндон тэр үед гаргаж тавьжээ. Эрх баригч нам марксизм-ленинизмийн ангич, намч зарчим, байр сууриас татгалзаж, үндэсний эрх ашгийг түүнээс дээгүүр тавьсан түүхэн шийдвэр гаргасан явдал ардчиллыг хувьсгалт тэмцлийн бус, тайван замаар өрнүүлэх улс төрийн таатай нөхцлийг бүрдүүлжээ.

            Монголын үндэсний ардчилсан үзэл санаа дотоодын олон намуудыг хооронд нь зааглан холдуулахаас ойртуулахад нь, монголын төлөө санаа нэгтэй тэмцэхэд тус дөхөм үзүүлж чадна. Үндэсний ашиг сонирхлын үүднээс үзэхэд, намууд үзэл баримтлалаараа туйлын ялгаатай, зөрчилтэй байх нь намуудын зорилго биш, хоорондоо авцалдаагүй байна гэдэг ч улс төрийн намуудад заавал шаардагдах шинж биш. Тэд баруун тийшээ явлаа, бид зүүн тийшээ явья гээд улс төрийн хүчнүүд ийм зүгүүд хэрэг дээрээ алга болчихоод байхад зүтгэх нь утга учиргүй хэрэг. Тодорхойг тодорхойгүй байдлаар сольж болохгүй. Нам үзэл бодлын тодорхой байдлаас тодорхой бус байдалд шилжвэл ирээдүйгүй болно.

Үндэсний ардчилсан үзэл бол “эвлэршгүй зөрчлийг шийдвэрлэх” пролетарийн диктатурын түүхэнд учруулсан хор нөлөөнөөс урьдчилан сэргийлж, хүн амыг нийгмийн гарал үүсэл, анги давхраагаар нь ялгаварлан гадуурхдаг  ангичирхах, намчирхах туйлшралыг гэтлэн давна. Манай өнөөгийн нөхцөлд болон цаашдаа ч “нийгмийн үзэгдэлд ангийн үүднээс хандах” зарчмыг баримтлах аргагүй. Хүмүүсийн хооронд ахуй, амьдралын зарим нэг ялгаа зааг гардаг юм аа гэхэд түүнийг ангийн тэмцлийн замаар, зэвсэгт тэмцлийн аргаар шийдвэрлэх гэж оролдохгүй, өөр ардчилсан зам эрж хайх нь маш чухал гэдгийг түүх харууллаа. Гол нь нийгмийн асуудлыг зөв шийдэх нь чухал болж байна.

Үндэсний эв нэгдлийн тухай санаа аливаа хүчирхийллийг буруушааж, хэлмэгдүүлэлтийг эсэргүүцнэ. Нийгэм хараал зүхэл, гүтгэлэг доромжлол, өс хонзон, үзэн ядалт, хов жив, хуурмаг явдал, сувдаг шунахайгийн сэтгэхүйгээр дүүрчихвэл үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учирна. Үүнийг нэгдлийн гүн ухаан сөрж зогсоож чадна. Энэ бол бүтээлч, идэвхтэй зарчмын гүн ухаан. Үгүйсгэх, нураахад яаран идэвх гаргахгүй. Шинэчилж бүтээн байгуулахыг голд үзнэ. Асуудалд яаж хандах вэ гэвэл зөрчлийг бус нэгдлийн талыг барих ёстой. Үүнийг л төрийн бодлогын үндэс болгох ёстой. Ийм л итгэл үнэмшил бидэнд төрөөд байна.

            Бид улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ ашиг сонирхлыг “өөрөө өөрөөсөө хамгаалах” шаардлага гарч байна. Үүнд өнөөгийн монголын нөхцөл байдлын онцлог оршино. МАН өнөөгийн нөлөө бүхий улс төрийн хүчний хувьд үндэсний ардчилсан үзэл санааг цаашид ч баримтлах нь улсын эрх ашигт нийцнэ гэж тэрээр үзсэн. Монголчууд бид өнөөгийн нөхцөлд үндэснийн язгуур эрх ашгаа дээдлэн хамгаалах, хүсэл зориг, хүчин чадлаа нэгтгэн зангидах цаг иржээ. Монголын нийгмийн хөгжил, түүний ирээдүйг улс эх орон, үндэснийхээ эрх ашгийн үүднээс зөв тодорхойлон сайн сайхан нийгэм төлөвшүүлэхэд энэхүү үзэл санаа таатай хөрс болно.

3. Хувьсгалыг үгүйсгэсэн бясалгал

Хувьсгал гэдэг бол аль нэг тодорхой хүчин зэвсэг хэрэглэж, засгийн эрхийг булаан авах явдал юм. Нийгмийн шинжлэх ухааны ном зохиолуудад ингэж л тодорхойлжээ. 1990-ээд онд манай улсад болсон жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт зэрэг нь зөвхөн эсэргүүцлийн хөдөлгөөн байлаа. Энэ эсэргүүцлийг тэр үед эрх баригч нам, төр засаг хүлээн авч, ардчилсан өөрчлөлтийг дэмжин хөхиүлсэн. Тэгэхдээ улс төрийн салбар дахь өөрчлөлт түрүүлж эхэлсэн. 1990 оны гуравдугаар сарын 6-нд эрх баригч намын удирдлага огцорч, түүнээс дөрвөн сарын дараа анхны ардчилсан сонгууль болсноор өөрчлөлт эхэлсэн гэж доктор Б.Даш-Ёндон “Цаг үе: Сэтгэл бодрол, философи” бүтээлдээ тэмдэглэсэн байна.  Үүнээс харахад ерээд оны ард түмний хөдөлгөөнийг ардчилсан хувьсгал гэж дүгнээгүй, харин ардчилсан өөрчлөлтийн эхлэл хэмээн үзжээ. Зарим судлаач “тайван хувьсгал” хийсэн гэх боловч энэ нь хувьсгалын тухай ойлголтын агуулгад хамаарахгүй гэдэг нь тодорхой байна.

Гэвч өөрчлөлт, шинэчлэлийн энэхүү үйл явцыг өнөөдөр янз бүрээр үнэлж, дүгнэх болов. Ардчилсан хувьсгалын 20, 25 жилийн ойг төрийн түвшинд тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал, зөвөлгөөн олныг хийжээ. Тэдгээрт тавьж хэлэлцүүлсэн илтгэл, хэлсэн үгүүдэд “Ардчилсан хувьсгал өрнөж, ялалтад хүрсэн. Одоо шилжилтийн үе шувтарч байна” гэж олонтаа дүгнэсэн. Хачирхалтай нь эдгээр үнэлэлт үнэн хэрэгтээ марксист-ленинист дүгнэлтүүд гэдгийг хэн ч уншаад ойлгох биз.  Энэхүү шилжилтийн үе гэдэг ойлголтыг  философийн үүднээс авч үзвэл, ангийн тэмцлээс үүдсэн хэзээ ч эвлэршгүй зөрчлийг шийдэх арга зүйн талаар ярих болно.  Учир нь “шилжилтийн үеийн” тухай ойлголтыг К.Маркс анх томьёолохдоо, капитализмаас социализмд хувиран орох шилжитийн үеийн төр нь чухамхүү пролетарийн хувьсгалт диктатур байна гэж бичжээ, В.И.Ленин энэ санааг дэлгэрүүлж, “Энэ шилжилтийн үе нь сөнөн мөхөж байгаа капитализм ба төрж үүсч байгаа коммунизмын хоорондын, өөрөөр хэлбэл, ялагдсан боловч устгагдаагүй байгаа капитализм, төрж үүсч байгаа боловч нэн сул дорой буй коммунизмын хоорондын тэмцлийн үе байхаас өөр аргагүй” гэж тайлбарлаж байжээ. Ийм сургаал номлолын дагуу Орос орон 1917 оны их хувьсгалын дараа капитализмаас социализмд шилжсэн билээ. Тэгэхдээ амьдрал дээр ардчилсан бус, харин тоталитар социализмд шилжичихжээ. Орост тогтсон пролетарийн диктатур гэгч “унагаагдсан ангийн эсэргүүцлийг дарах” нэрийн дор аймшигт хэлмэгдүүлэлт үйлджээ. Монголд ч гэсэн 1930-аад оны хэлмэгдүүлэлт явагдаж, лам нарыг ангийн хувьд хоморголон устгасан. Хэрвээ ерээд оны үйл явдлыг хувьсгал юм гээд шилжилтийн үе ярих юм бол хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрийг (диктатурыг) гаргаж ирээд өөр үзэл бодолтой иргэдийг хоморголон устгах тухай ярих болж байна.

             “Шилжилтийн үе” гэдэг нь ийнхүү К.Маркс, В.И.Лениний хэлсэн дээрх санаагаар хэлэгддэг болохоор бид ерэн оноос хойш манайд шилжилтийн үе гэж байгаагүй хэмээн хэлэхэд аргагүй хүргэж байна гэсэн дүгнэлтэд философич Даш-Ёндон хүрсэн. Тиймээс энэ түүхэн зурвас үеийг хугацааны хувьд завсрын үе, үзэгдлийн хувьд завсрын зүйл хэмээн ерөнхийд нь томьёолсон. Аристотелийн “Өөрчлөгдөж буй юм эхэлж юу болох ёстой тэр зүйлийг нь бид завсрын гэж нэрлэдэг” гэсэн онолын үндэслэлийг энд арга зүйн хувьд авч ашиглажээ. Энэ үндсэн дээр “Завсрын зүйл бол юмс, үзэгдэл хувирч эхлэхэд тооны өөрчлөлт чанарт шилжих явц юм” гэж үзсэн. Тиймээс нийгэм, эдийн засгийн одоогийн байдал руу орж байгаа энэ үеийг завсрын үе гэж нэрлэж байна. Философич Б.Даш-Ёндон “Цаг үе: Сэтгэл бодрол, философи” бүтээлдээ, 1990-ээд оноос манайд эхэлсэн өөрчлөлт ардчилсан гэдэг утгаараа эдүгээ нэгэнт дууссан. Үүний нотолгоо нь монголын нийгмийн эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын салбарт ардчилал эргэлтгүй батжиж тогтсонд оршино. Харин ардчиллаа “эмхэлж цэгцлэх” л үлдэж байна гэж маш тодорхой тайлбарлажээ.

Энэ бүхнээс үзэхэд ерэн оны ардчилсан өөрчлөлтийн эхлэлийг ардчилсан хувьсгал хэмээн нэрлэж, ардчилал зах зээлийн харилцаанд шилжих шилжилтын үе шувтарч байна гэж дүгнэж буй улс төрчид харин өөрсдөө марксист-ленинистууд болчихоод байна. Тиймээс улс, үндэстнийг дотор нь хагалан бутаргаж, хооронд нь алалцуулан цус, нулимсанд хутгадаг “ардчилсан хувьсгал”, “шилжилтийн үе” гэсэн намч, ангич ойлголтууд Маркс, Лениний ном зохиолуудад л үлдэг. Цаашдаа монгол орныг нийгмийн донсолгоонд оруулахгүйгээр авч явахын тулд аль ч нам  гаднаас үзэл санаа импортлохоос илүүтэй өөрсдийнхөө гүн ухааны өв санг  оюуны эргэлтэд оруулах нь ийн чухал юм.

Төв ёсны үзлийг номлон, олон намын тогтолцоог шүтэн барилдуулж, хөгжлийн философийн асуудал дэвшүүлсэн цогц бүтээл туурвилынх нь агуулга сэдэв, сэтгэлгээний цар хүрээ нь улс төрийн нэрт зүтгэлтэн Б.Даш-Ёндонг Монголын философи сэтгэлгээний хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч төдийгүй үндэсний сод сэтгэгчийн зиндаанд зүй ёсоор аваачиж байна.

Жич: Даш-Ёндон хэмээх философичийн энэ  нэр Эрдэм номын өлзий хутаг хэмээн монгол хэлнээ бууна. Тэгэхлээр дашка судлаач гэдэг маань эрдэм судлаач гэсэн  утгыг бас илэрхийлнэ.

Дашка судлаач, доктор Д.БАТМӨНХ

Сэтгэгдэл үлдээх